УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
“Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай”
Дараа нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэснийг сайд дурдаад нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд 33 төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн 4,674 төсөвт байгууллага болон Ирээдүйн өв сан, төсвийн Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгтгэсэн” гэв.
Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллээс хүргэеи
- Цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувьд хүрсэн.
- Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт нэмэгдэж, манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн экспорт 2021 оны эхэнд нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байсан бол оны сүүлд цар тахлын улмаас хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож, түүхий эдийн экспорт огцом буурч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.
- Уул уурхайн салбарын өсөлт эхний улиралд 39.3 хувь байсан бол оны эцэст 1.7 хувь болж саарсан.
- Зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оноос 4.0 хувиар өсөж 1.3 сая тонн, газрын тосны үйлдвэрлэл 13.7 хувиар өсөж 4.7 сая баррельд хүрсэн нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж улмаар төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн.
- Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 12.7 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 478.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн.
- Нэгдсэн төсвийн зарлага 15.6 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 573.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцэж байна.
- Монгол Улсын 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 9.1 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 38.6 тэрбум төгрөгөөр дутуу, улсын төсвийн зарлага 12.2 их наяд төгрөг болж, төлөвлөснөөс 407.9 тэрбум төгрөгөөр бага байна.
- Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат танилцуулав. Түүний танилцуулгад дурдсан онцлох мэдээллээс хүргэе.
- Аудитаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 12 их наяд 711.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 15 их наяд 630.4 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа.
- Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 14 их наяд 306.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 398.2 тэрбум төгрөгөөр давсан.
- Урсгал зарлагыг 656.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 322.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 405.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 3 их наяд 971.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцүү байна.
- Засгийн газрын нийт өр 2021 оны эцэст 26 их наяд 918.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 21 их наяд 837.3 тэрбум төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэж байна.
- Засгийн газрын өр өмнөх оноос 3.5 хувь буюу 980.4 тэрбум төгрөгөөр буурсан байгаа.
- Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 3 их наяд 881.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1101 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийсэн.
- Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэлийг 65.8 хувьтай дүгнэсэн. Үүний 7.5 хувь буюу 83 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу, 10.8 хувь буюу 119 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй байна.
- Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, төсөвлөлтийн шаардлага бүрэн хангаагүй зарим төсөл, арга хэмжээг батлуулж санхүүжүүлсэн нь нөлөөлж байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь төсөв, санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй сул байгаагаас хамаарч байгааг анхаарах шаардлагатай.
- Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 43, хязгаарлалттай 14-н дүгнэлт өгсөн.
- УИХ-д долоон асуудлыг толилуулж, Ерөнхий сайдад 15 , Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон Барилга, хот байгуулалтын сайдад тус бүр 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах, асуудлыг хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн байгаагүй тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.