УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв
2022-07-02

            УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

               Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд: Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил хэзээ дуусах вэ?

Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгийнхэн: Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн автозамын засварт шаардлагатай 5.5 тэрбум төгрөгийг улсын төсөв болон “Эрдэнэс тавантолгой” компаниас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд засварын ажлаа хийгдэж байгаа.

УИХ-ын гишүүд: Хууль батлагдсанаар тээвэрлэлт хийж буй автомашинуудад хяналтын төхөөрөмж тавьж, жолоо барих цагийг есөн цаг болгон бууруулах шаардлага тавьснаар бараа тээвэрлэгчдийн ажилд хүндрэл учирч, ашиг орлого буурах асуудал гарах уу.

Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгийнхэн: Манай улс Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орсноор машин болгонд хяналтын төхөөрөмж тавихгүй. 2007, 2010 оноос хойш европт үйлдвэрлэгдсэн ачааны машинууд тийм төхөөрөмжтэй бөгөөд тэдгээрийг хэрэглээнд оруулж, системд холбоно. Харин Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад тийм төхөөрөмж байхгүй учраас тэдгээр автомашинд тавина. Ийм төхөөрөмжгүй автомашины жолооч нар хил нэвтрэнгүүт торгуулж байгаа учир үүнийг шийдвэрлэхийн тулд хуульчилж байгаа. Жолооч есөн цаг жолоо барих шаардлага тавьснаар тээвэрлэлт саатахгүй. Харин машинаа ээлжлэн барих нэмэлт жолоочтой болж, ачаалал нь буурна. Ингэснээр жолооч нарын аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүд: Дарханы чиглэлийн замын бүтээн байгуулалтын явц, үнийн өсөлтөөс шалтгаалан ажил зогссон гэсэн мэдээлэл үндэслэлтэй юу?

Ажлын хэсэг: Дархан чиглэлийн замын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкуудын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Санхүүжилт нь сааталгүй орж ирж байгаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тавьж буй бөгөөд энэ талаар санхүүжүүлж буй банкуудад уламжилсан. Замын ажил хэвийн явагдаж, дотоодын аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлснээр эцсийн хэлэлцүүлэг өндөрлөж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэв

 

           Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнийг онцлов.  

         Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн.

 

УИХ-ын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

           Мөн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны зургадугаар сарын 29-ний хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулах үед УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлэн санал болгосноор бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм.

           Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээгүй саналыг мөн дэмжсэнгүй. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг нэгтгэжээ

 

             Дараа нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуулиудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны зургадугаар сарын 15-ны хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “Дээрх төслүүдийг хууль санаачлагчид нэгтгэн хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд суурилж хэлэлцсэн болно. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан. Мөн ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ байнгын хороо, нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан болон D-parliament аппликейшнд иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс, паркуудын төлөөлөл, хэлэлцүүлэгт оролцогчдын саналууд, бусад улс орнуудын үйлдвэрлэл, технологийн паркийн туршлагыг судалж, хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулсан. Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 70, найруулгын багцалсан 3 санал тус бүрээр хэлэлцэж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцэн шийдвэрлэсэн” гэж байлаа.

 

      Төсөлд дараах асуудлыг тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. Үүнд

 

  • Паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн хэлбэрийг ойлгомжтой болгох,
  • паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох,
  • гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах,
  • паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах
  • тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох,
  • паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох,
  • татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тоггоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах

 

            Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

            Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа “Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараар ахлуулан, гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан. Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн” гэв.

Ажлын хэсгээс дараах санал боловсруулсныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ. Үүнд  

 

  • мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээг хугацаагүй олгох,
  • мөнгөн зээлийн зуучлагчтай холбоотой зохицуулалт, барьцаалан зээлдүүлэх газрын байршил,
  • төлбөрийн чадвараас хэтэрсэн зээл олгох зохицуулалтыг тус тус хасах,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь барьцааны зүйлийг авахдаа гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх Цагдаагийн байгууллагын цахим санд хандан шалгадаг байх,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн төрлийн бизнес эрхлэгчдийн төлөөллийг оруулах,
  • Зөвлөлийн гаргасан шийдвэрийг олон нийтэд ил тод, шуурхай мэдээлдэг байх зохицуулалтыг тусгах, түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг нарийвчлах

 

            Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах холбогдох Ажлын хэсгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээгүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

 

Төрийн албанд иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулах заалтыг хасжээ

 

               Засгийн газраас  2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-нд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцлээ.

             УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. 

            Ажлын хэсэг хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D.Parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий 4 иргэнээс 6 санал ирүүлснийг Ажлын хэсэгт танилцуулсан гэв.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан дараах зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүдийн олон дэмжжээ. Үүнд

 

  • төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг хасах,
  • төрийн улс төрийн томилогддог албан тушаалтанд тавих ёс зүйн шаардлагын талаарх зохицуулалтыг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй
  • бүх шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд, Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасан ангилалд хамаарах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд дүйцүүлэн тооцох

 

 

            УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох болон Төрийн албаны тухай хуулийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд мэдэгдэл гаргахгүй байх талаар санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа. 

 

 

УИХ-ын гишүүд: Төрийн алба цомхон, чадварлаг байх зарчмыг барихын зэрэгцээ төрийн албаны нэр хүндийг өргөхөд Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах шаардлагатай. Төрийн албаны зарим ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан ч цалин хөлс, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл зэрэг асуудлаас болоод хүмүүс ирэхгүй байгаа тул төрийн албаны цалин хөлс, ажиллах нөхцөлийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах боломжтой юу. Төрийн үйлчилгээний алба хаагчдыг төрийн захиргааны албанд томилон ажиллуулах асуудлыг хэрхэн  зохицуулсан бэ.   

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нь 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн. Хуулийн төсөлд төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой асуудал тусгагдаагүй. Гэхдээ Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулаад  төрийн албан тушаалтны ангиллын хооронд хол зөрүүтэй цалингийн шатлалуудыг ойртуулж нэг мөр цэгцлэхээр улсын хэмжээнд тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Цалин хөлсийг нэмэхэд улсын төсвөөс нэлээдгүй хэмжээний эх үүсвэр шаардлагатай болдог тул төсвийн жилийн дундуур нэмэлт эх үүсвэр шаардсан асуудлыг оруулж ирэхгүй байх, оруулж ирсэн нөхцөлд төсвийн жилтэйгээ уялдуулах чиглэлийг барьж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, алба хаагчийн үр дүнд суурилсан цалин хөлс олгох зэрэг асуудлыг иж бүрнээр судалж байгаа бөгөөд үүнийг өөр хуулийн төслөөр оруулж ирнэ. Мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн удирдах ажилтан зэрэг нь тухайн орон нутгийнхаа захиргааны байгууллагад шилжих боломжгүй байдаг. Иймд хуулийн төсөлд "төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаал эрхлэхэд, адилтган дүйцүүлэн үзнэ" гэж  зохицуулсан бөгөөд ингэснээр тэдний шилжин ажиллах боломжийг олгож байгаа гэв.

 

 

Сэтгэгдэл