УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр "УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллах"-ыг УИХ-ын гишүүдэд хандан уриаллаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Өнгөрсөн 7 хоногт Та бүхэн маань аймаг, орон нутаг, сонгогдсон тойрогтоо ажиллаж, хууль тогтоох үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудын талаар иргэд, сонгогчдынхоо үгийг сонсож, санал бодлоо хуваалцлаа. УИХ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу хүрээ заагийг нь тогтоосон 4 сэдэв, 11 дэд сэдвийн хүрээнд олон нийтийн саналыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ.
Иргэдийн маань гишүүддээ илэрхийлсэн санал бодлыг нэгтгэн дүгнэж үзвэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд иргэд ул суурьтай, нухацтай хандаж байгаа нь ажиглагдлаа. Тэд дэмжиж буй болон дэмжихгүй байгаа сэдэв, асуудлуудын талаар санал бодлоо илэн далангүй илэрхийлж байна.
УИХ баталсан хуулиудынхаа хэрэгжилтэд онцгой анхаарах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд одоогийн Үндсэн хуулийн нөөц бололцоог сайтар ашиглах, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэх, шийдвэртэй зоримог арга хэмжээ авах зэрэг олон асуудлыг хөндөж байлаа.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасанчлан ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх зарчмыг баримталж, идэвх санаачилгатай, ажил хэрэгчээр асуудалд хандаж ажилласан Улсын Их Хурлын гишүүддээ талархсанаа илэрхийлье.
Уулзалтуудын үеэр эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар газар сайгүй, олон иргэн хөндөж ярьж байсанд бид анхаарлаа хандуулах ёстой.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон геополитикийн хурцадмал байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.
Инфляцын түвшин жилийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төв банкны инфляцын зорилтоос давсан төдийгүй, сүүлийн 10 жилд болж байгаагүй хамгийн өндөр өсөлт болж байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.
Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд:
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрдэг.
2021 оны зургадугаар сартай харьцуулахад АИ-92, АИ-95, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг суурь шалтгаан болж байна.
Түүнчлэн гадаад хүчин зүйл буюу цар тахал, хорио цээрээс үүдэлтэй тээвэр логистикийн хүндрэл болон олон улсын ээдрээт нөхцөл байдал нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 1.7 дахин, хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляц дэлхийн нийтийн зовлон боллоо. Тухайлбал, АНУ болон Европын холбооны улсуудад сүүлийн 40 жилийн хугацаанд гарч байгаагүй өндөр үнийн өсөлт ажиглагдаж байна.
Хэдийгээр гадаад, дотоод шалтгаан нөхцөл байгаа, үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байгаа ч бодлого боловсруулах, хууль тогтоох үүрэгтэй Улсын Их Хурал үүнийг зүгээр хараад сууж болохгүй ээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-аас үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан нь дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зарим үр дүнд хүрсэн боловч инфляц 2022, 2023 онуудад хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлтэй байгааг Монголбанк болон ОУВС-гийн хийсэн төсөөллөөс бид харж болно.
Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар буюу оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрэх магадлал байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна.
Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.
Иймд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажлын хэсэг:
УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгой анхаарлынхаа төвд зайлшгүй байлгах шаардлагатай байна. Тиймээс энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ хандан уриалъя.