2022 онд 270, 2023 онд 385 сая ам.доллар хүртэлх хэмжээний зээл авах уу
2022-06-29

          УИХ-ын байнгын хороодоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж байна. Одоо хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл,, хөтөлбөр тус бүрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахдаа дараах үе шатыг дамждаг. Үүнд 

•    Засгийн газрын хуралдаанаар 2 удаа 
•    УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар 4-5 удаа 
•    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 1 удаа хэлэлцүүлдэг.

          Дээрх нөхцөлийн дагуу Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор АХБ-наас 2022, 2023 онд манай улсад зээл олгох аж. Ингэхдээ дараах нөхцөлийг хэлэлцэн тохиролцжээ. Үүнд 


    2022 онд 270 сая ам.доллараас хэтрэхгүй санхүүжилт олгоно. Үүнийг АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлж болно. 
•    2023 онд 385 сая ам.доллараас хэтрэхгүй санхүүжилт олгоно. Үүнийг мөн дээрх эх үүсвэрээс олгоно. 
•    Хөгжлийн төсөл, эсвэл хөтөлбөр тус бүрийн санхүүжүүлэлтийн хэмжээг Монгол Улс АХБ-тай харилцан тохиролцон байгуулах зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохирно. 

          Уг зээл нь 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. 

         УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд  зээлийн хөрөнгөөр зөвхөн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх нөхцөлтэйгээр зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томъёолол гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

           Хөгжлийн төслүүд гэдэгт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр болон дулааны цахилгаан станцуудыг өргөтгөх, шинэчлэл хийх зэрэг 30 орчим төсөл багтсан байдаг. 

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд дараах байр суурь илэрхийлэв

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гадаад өрийн хэмжээ, эргэн төлөх нөхцөл, боломжийн талаарх тооцоо судалгааны талаар мэдээлэл авмаар байна. Зээлийн  хүүд жилд хэчнээн төгрөг төлж байгаа вэ. Баярнаадмын өмнө их хэмжээний зээл гаднаас авах гэж байна гэсэн яриа үнэний ортой юу? 

“БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар яригдаагүй”

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир: Монгол Улсын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагийн Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хийсэн өр төлбөрин хэмжээ 8.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс 5.8 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл нь 1991 оноос хойш авсан хөнгөлөлттэй зээлтэй холбоотой. АХБ-наас 1991 оноос хойш 31 жилийн хугацаанд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс өрийн үлдэгдэл 1.8 тэрбум төгрөг байгаа., Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрт 2016 онд 793 тэрбум төгрөг, 2017 онд 1,2 их наяд, 2018 онд нэг их наяд, 2019 онд 861 тэрбум, 2020 онд 932 тэрбум, 2021 онд 960 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 910 орчим тэрбум төгрөгийн төлбөр төлнө гэсэн тооцоололтой. БНХАУ-аас их хэмжээний зээл авах талаар Сангийн яам дээр яригдсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье


“Муу байгаа төслийн нэгжүүдийг татан буулгах ёстой”


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: УИХ-ын чуулган болон Төсөв, Эдийн засаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаараа жилдээ нэг удаа Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүн, хэрэгжилтийг сонсдог болохын зэрэгцээ муу байгаа төслийн нэгжүүдийг татан буулгах шаардлагатай. 

“Төсөл тус бүрийн үр дүнг тайлагнах хэрэгтэй”


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: АХБ-наас авсан зээлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн төмөр замын боомтын өргөтгөл, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Алтанбулагийн авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах  зэрэг төслүүд удааширч байгаа тул явц, үр дүнгийн талаар Сангийн яамны дэргэдэх төслүүдийн нэгжүүд байнгын хороонд эргэж мэдээлэх хэрэгтэй. Энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд зээл авсан тохиолдолд төсөл нэг бүрийн үр дүнгийн талаар тус байнгын хороонд тайлагнах шаардлагатай

Сэтгэгдэл