УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос чанарын шаардлага хангахгүй барилгын материалтай холбоотойгоор хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын есөн гишүүн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилго бүхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу үүнийг зохион байгуулав.
Сонсголд нийт 53 хүн оролцсон. Оролцсон УИХ-ын гишүүд: М.Оюунчимэг, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан, С.Одонтуяа, Ц.Идэрбат, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар
Сонсголд оролцсон байгууллагуудын төлөөлөл: Барилга, хот байгуулалтын дэд сайд, Эрүүл мэндийн яамны газрын дарга, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын удирдлага, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл
Сонсголтой холбоотой сайжруулах шаардлагатай зүйлс: Сонсгол товлосон хугацаанаас 40 минутын дараа эхэлсэн. Учир нь Нийгмийн бодлогын байнгын хорооны зургаан гишүүн ирснээр сонсгол явуулах боломжтой бөгөөд гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээлгэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонсголыг даргалсан бөгөөд тэрбээр “Хүн хоногийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчныг бүрдүүлэгч барилгын материал, тавилга, модон эдлэл, шахмал хавтан, будаг, замаск, цавуу, цэвэрлэгээний материал, хивс, принтер зэрэг олон төрлийн зүйл хүний эрүүл мэндэд хортой дэгдэмхий органик нэгдлийг ихээр агуулдаг байна. Иймд бид гадаад орчин төдийгүй дотоод орчны бохирдлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай боллоо” гэв.
Сонсголын үеэр дараах сэдвээр илтгэл танилцуулав. Үүнд
НҮБ: Хавдар үүсгэгч формальдегидын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан
НҮБ-ын хүүхдийн сангаас 2020 онд нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн нийт 44 цэцэрлэгийн барилгад үнэлгээ хийхэд судалгааны дүнд барилгууд насжилт өндөртэй, дулаан алдалт ихтэй, агаар сэлгэлтийн систем нь стандарт бус, дотоод орчны агаарын бохирдол, дэгдэмхий органик нэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэх зэрэг олон асуудал байгааг тогтоожээ.
НЭМҮТ: 75 нэгжийн дотоод орчны агаарыг шинжлэхэд 49 хувьд нь дэгдэмхий органик нэгдэл илэрсэн
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Сувд “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлдээ “2012-2014 онд барилгын салбар өсөлтийн дээд цэгтээ хүрсэн. Дэгдэмхий органик нэгдэл агуулсан бүтээгдэхүүнийг илүү ашиглаж, агааржуулалт муу байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа”-г онцлов. Улаанбаатар хотын албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айл өрх зэрэг 75 нэгжийн дотоор орчны агаарын сорьцыг шинжлэхэд формальдегид, бензол, этилбензол, м-п ксилол, о-ксилол болон нийт дэгдэмхий органик нэгдлийг хэмжихэд 49.2 хувьд нь илэрсэн байна.
БХБЯ: Шинэ барилгын дотоод орчны агаарын чанар гадаад орчныхоос 10 дахин илүү бохирдолтой
БХБЯ-ны газрын дарга Б.Гантулга “Барилгын дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар танилцуулахдаа “Шинэ барилгын дотоод орчны агаарын чанар гадаад орчныхоос 10 дахин илүү бохирдолтой байдаг”-ийг тодотгов. 2020 оны наймдугаар сарын байдлаар 159 объектод (7 эмнэлэг, 77 орон сууц, 41 цэцэрлэг, сургууль, 34 оффис) шинжилгээ хийжээ. Ингэхэд формальдегид нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс орон сууцанд 5-14, оффис эмнэлэгт 10-125, сургууль, цэцэрлэгт 3-25 хувиар их байсан байна. Мөн бензол нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-25 нэгжээр их байсныг тогтоожээ.
ГЕГ: Барилгын материалын 99 хувь нь хяналтгүйгээр манай улсад нэвтэрдэг
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материалд тавьж буй хяналт”-ын талаар танилцуулах үеэрээ “МХЕГ-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны А/95 дугаар тушаалаар “Барилгын дотор асал, тавилгын материал импортлох үеийн эрүүл ахуйн хяналтын хуудас”-ыг баталсан бөгөөд үүний дагуу хяналт тавьж эхэлсэн”-ийг онцлов.
Шинээр барьсан буюу засвар хийсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг учраас оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтойг дэд дарга тодотгов. Барилгын материалын импортын 99 хувь нь хяналтгүйгээр манай улсад нэвтэрдгийг мөн онцолж байлаа. Ихэнх барилгын материалыг бичиг баримтын хэмжээнд шалган нэвтрүүлдэг аж.
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс илтгэлүүдтэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авсны тоймлон хүргэе.
М.Оюунчимэг: Дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад ойрын хугацаанд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээ болон хилээр орж ирж буй барилгын материалын хяналт болон лабораторийн чадавхыг хэрхэн сайжруулах вэ?
Э.Золбоо (Барилга, хот байгуулалтын дэд сайд): Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс нэн түрүүнд агаар сэлгэлтийн стандартыг баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эхний ээлжид эмнэлгийн барилгын стандартыг баталгаажуулсан. Энэ ондоо багтааж, сургууль, цэцэрлэгийн барилгын стандартыг баталгаажуулна. Хилээр оруулж ирж байгаа бараа материалын тохирлын гэрчилгээг нь шалгаад оруулбал асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа ч үнэндээ үр дүн гарахгүй байна. БНХАУ-аас импортлож байгаа бараа материалын үнийн болоод чанарын баримт, тохирлын гэрчилгээ хуурамч байх нь олонтаа. Үүнийг шийдэх гарц нь өмнөд хөршөөс будаг оруулж ирж, зах зээлд нийлүүлэхгүй байх хэрэгтэй.
Б.Баасандорж (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга): Төрийн байгууллагуудын лаборатори бараг ажиллахгүй байна. Хамтарсан шалгалт хийхэд лабороторийн ихэнх нь тоног төхөөрөмжийн болон мэргэшсэн боловсон хүчний дутагдалтай. Шинэчлэл огт хийгдээгүй. Тиймээс барилгын материалын хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг аюулгүйн үзүүлэлтийг техникийн зохицуулалттай болгох, төв, орон нутаг, хилийн боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лаборатори байгуулах, хилийн нэвтрэх цэгт хорио цээрийн хяналт шалгалтад хамруулах талаарх Шадар сайдын тушаалд өөрчлөлт оруулж, хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй.
Ч.Ундрам: Тогтоол баталж, Засгийн газар холбогдох байгууллагад чиглэл өгнө
Сонсголын төгсгөлд даргалагч гишүүн Ч.Ундрам “Жилд манай улсад 6000 гаруй иргэн хорт хавдраар өвчилж байна. Үүнээс 100 гаруй нь хүүхэд. Монгол Улсад хорт хавдар гамшгийн байдалтай болсон. Бид энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Дотоод орчны агаарын чанар сайжирч байж бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа бий болно. Сонсголд хэлэлцэгдсэн асуудлуудын дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тогтоол гаргана. Тогтоолоор Засгийн газар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө. Богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах ёстой. Хилийн боомтууд дээр лабораториуд байгуулах төсвийг ирэх оны төсөвт суулгах хэрэгтэй. Түүнчлэн байгаа лабораториудынхаа хүчин чадлыг мөн сайжруулах хэрэгтэй" гэв.