Нэр бүхий иргэд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ. Цэц үүний дагуу маргаан үүсгэсэн бөгөөд энэ сарын 29-нд дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар заалтаар уул уурхайн уртын ээлжийн хугацааг 14/14 болгож тогтоосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл. Уртын ээлжээр ажиллуулах
92.1.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.
92.2.Энэ хуулийн 92.1-д заасан горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно.
92.3.Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно.
92.4.Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.
92.5.Энэ хуулийн 92.4-т заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болно.
92.6.Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.
92.7.Уртын ээлжээр ажиллах ажилтны энэ хуулийн 92.6-д заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх, буцах зардлыг ажил олгогч хариуцна.
92.8.Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно.
92.9.Ажил олгогч энэ хуулийн 80.5-д заасны дагуу ажилтныг ажиллуулаагүй бол хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршилд хүргэж өгнө.
92.10.Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.