УИХ өнгөрсөн долоо хоногт (арваннэгдүгээр сарын 15-19-нд) ямар асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэснийг тоймлон хүргэе.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Н.Баасанжав, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга Н.Мөнгөнцэцэг нар олонхын санал авсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тэднийг томилох талаар хэлэлцэх үеэр АН бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.
19 гишүүн чуулганы хуралдаан тасалжээ
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан бөгөөд үүнийг УИХ хүлээн авсан. Тиймээс дээрх заалтад өөрчлөлт оруулан хуулийн төсөл боловсруулсан юм.
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтныг гадаадад зуучлах үйл ажиллагааг хязгаарлаж болох зохицуулалт нэмсэн нь уг төсөлд тусгасан онцлох заалт.
- УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн аравдугаар сарын ирцийн талаар мэдээлэл хийв. Өнгөрсөн сард УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан бөгөөд 57 гишүүн бүрэн ирцтэй байжээ. Харин 19 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаан тасалж, 30 гишүүн тодорхой хугацаагаар хоцорч ирсэн байна. Өмнөх жилд гишүүд дунджаар 54 минут хоцорч ирдэг байсан бол энэ тоо долоон минут болж буурчээ.
- Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүлэв. Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой журмыг батлах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх ба жил бүр санхүүгийн тайландаа аудитын хуулийн этгээдээр (Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн) аудит хийлгэж хүргүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн зээлийн үлдэгдлийг шийдвэрлэх тогтоолыг хэлэлцэхээр болов
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гурван ажлын хэсэг байгуулав. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт, хангамжийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг гишүүн Ц.Туваан ахлахаар боллоо. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг гишүүн Ж.Батжаргал ахалж ажиллахаар тогтов.
- Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Манай улсад өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж байгаа. Гэвч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах зохицуулалт зайлшгүй шаардлагатайг ажлын хэсгийнхэн онцолж байв. Уг төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж буй аж.
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Уг үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “ХААН банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллаж, УИХ-ын гишүүдэд мэдээ, мэдээллийг хүргүүлэх”-ийг үүрэг болгов.
- Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “1990-ээд оны эхэн үед Япон Улсын Засгийн газраас 1-2.6 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, төмөр замыг сэргээн сайжруулах МОН-П1, МОН-П2 төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зээл олгосон. Тус зээлийг авсны дараа буюу 2000 онд Монгол Улсын Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулахдаа 1.2-2.8 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацааг 25 жил болгосон байдаг. МОН-П1, МОН-П2 төсөл нь 7.9 тэрбум иен буюу тухайн үеийн албан ханшаар 78.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц дүнтэй зээл байжээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2000-2014 онд 48 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн. Харин 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл, түүний хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй болсон байна. УИХ-ын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, алдангийн нийлбэр дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлөгдсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон хэдий ч одоогоор 131 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7, Оросын талынхыг мөн 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, үлдэгдэл 47.3 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгээс улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээр тусгасан”-ыг онцлов.
“33 660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлсөн”
- ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулав. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 8.8, хоёрдугаар улиралд 8.4 хувь болсон аж. “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван үндсэн хөтөлбөрийн 24 арга хэмжээг шинэчлэн баталж, хэрэгжүүлж буйг тэрбээр онцолсон. Өнгөрсөн сарын байдлаар 19.2 мянган хүнийг хөтөлбөрт хамруулж, байнгын 3607, түр болон цагийн 7545 ажлын байр бий болгосон гэнэ. 18-34 насны залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий “Оролцоо” төслийг хэрэгжүүлж, 2327 хүнийг ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх багц сургалтад хамруулан, 1577 залууг ажлын байранд дадлагажуулж, 357-г нь ажилтай болгожээ. 5766 өрхийн 33 660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлж, улсын төсвөөс жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдүүлсний зэрэгцээ 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан гэнэ.
- Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаав.
Бат.Уянга