Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангаргаасаа няцсан долоо хоног
2022-06-19

           Тусгай зөвшөөрлийн тоог тав дахин багасгана гэв 

                 УИХ өнгөрсөн долоо хоногт гурван хууль, мөн тооны тогтоолын төсөл баталлаа. Тодруулбал, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэснээр 21-ээс дээш насны хүн донор болох, эд, эс, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хянах Ёс зүйн хороо ажиллуулах, донорыг өөрийнх нь хүсэлтээр алдаршуулах, эд, эс, эрхтний мэдээллийн сан бүрдүүлэхээр болсон юм.

            Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 30 хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрөөс олгодог зөвшөөрлийн тоо тав дахин буурахыг хариуцсан ажлын хэсгийн гишүүд онцолсон. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2002 онд анх баталсан бөгөөд тухайн үед төрөөс 200 орчим тусгай зөвшөөрөл олгодог байжээ. Гэтэл 2022 онд энэ тоо 1600-д хүрсэн байна. Тусгай зөвшөөрлийг далимдуулан баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид, иргэдийг дарамталдаг, авлига, шан харамж нэхдэг, үйлдэл болон эс үйлдлээрээ хээл хахуулийг “цэцэглүүлсэн” байдлыг таслан зогсоох хуулийг баталлаа хэмээн санаачлагч гишүүд нь “ам бардам” мэдээлэл хийв.

           Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шинэчлэн баталлаа. Үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч тал болох иргэн, захиалагч, үйлчлүүлэгчийн эрх, үүргийг нь тодорхой болгож, оролцоог нь жигд хангах зохицуулалтыг уг хуульд тусгасан байна. Мөн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор болов. Харин иргэн үнэлгээчний эрхийг гурван жилийн хугацаатай авах боломжтой. Түүнчлэн төрийн өмчийг хувьчлах, худалдахдаа хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэхээр зохицуулжээ. Мөн үндэсний үнэлгээний стандарт болон үнэлгээчний ёс зүйн дүрмийг батлах, үүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх Үнэлгээний хороо ажиллуулах заалтыг хуульчлав.

 

Н.Учрал: Та нар ер нь алдарт уяачийнхаа малгайг өмсөөд ирвэл яасан юм

           Өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн асуудлаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын гишүүд болоод олон нийтийн анхаарлын төвд байлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх үед өнгөрсөн жилийн наадмаар барилдсан бөхчүүдэд цол нөхөж олгох, бүсийн наадмаар цол олгох, эрлийз морийг импортлохыг хязгаарлах, эсэх гэх мэтчилэн хэд хэдэн асуудлаар гишүүд санал зөрөлдсөн төдийгүй нэгнийгээ уг хуулийг батлалцахад ашиг сонирхлын зөрчилтэйг ч сануулж амжив.

         Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Улстөрчид мэдэхгүй ч юмгүй боллоо. Оролцохгүй асуудал ч байхгүй боллоо. Хийхээ олж ядсан юм шиг аварга, арслангийн цол ярихаа болимоор юм. Намайг боловсролын хууль ярихаар чи ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Баяр наадмын хуулийн ажлын хэсэгт багтсан нөхдүүд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй юм билээ. Та нар ер нь аймгийн, улсын алдартын малгайгаа өмсөөд ирвэл яасан юм” хэмээн уурссан.

            Уг нь УИХ-ын гишүүд “...ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”-аа тангарагласан. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.23-т заасны дагуу хэлэлцэж буй асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах ёстой. Гэтэл хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ төдөн адуутай (хурдын удмын) гэж бичсэн УИХ-ын гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлэгт оролцохоос татгалзах нь бүү хэл бүр тус хуулийн ажлын хэсэгт багтаж ажилласан байх юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар багтжээ.

          Ажлын хэсэгт багтсан 13 гишүүнээс 11 нь хэчнээн тооны адуутай болохыг доор үзүүлэв. Гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд нар хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ адуугүй гэж бичсэн байна.  

УИХ-ын гишүүний нэр

Адууны тоо

Ш.Адьшаа

51

Ж.Мөнхбат

35

Ж.Батжаргал

64

Б.Бат-Эрдэнэ

407

Ж.Бат-Эрдэнэ

96

Ц.Сандаг-Очир

3

С.Чинзориг

30

Г.Тэмүүлэн

42

Ц.Даваасүрэн

147

Ц.Туваан

629

Ж.Батсуурь

85

 

            Зөвхөн ажлын хэсгийнхнээр зогсохгүй УИХ-ын гишүүд ч уг хуулийн төсөлд ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцүүлэг, санал хураалтад оролцох ёсгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, П.Анужин нар 200 гаруй тооны хурдан удмын адуутай байх жишээтэй.

 

               Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн. Тодруулбал, улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь арван удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгох зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлсэн.

 

Гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг иргэдээс асууна

            УИХ-аас баталсан гурван тогтоолын нэг нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай байв. Уг тогтоолд ирэх даваа гаргаас эхлэн УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очиж ажиллан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг иргэдээс асууж, санал бодлыг нь сонсохоор тусгасан. Тиймээс ирэх долоо хоногт байнгын хороод, чуулган хуралдахгүй.

         Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал асуулгыг хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр зохион байгуулна.

 

Төрийн ордонтой танилцах бол энгийн хувцастай нэвтрүүлэхээр тогтов  

          Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын төслийг УИХ баталлаа. Ингэснээр Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Төрийн ордны баруун, зүүн талын хашаа болон Төрийн ордны хойд талын буюу цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын хашаа, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын барилгын бүтцийн урд хязгаараар тооцож тогтоохоор болов. Мөн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй байлгахаар тогтлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүнтэй уулзах, Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийг энгийн хувцастай нэвтрүүлэхээр зохицуулжээ.  

Хүнсний хувьсгал хийх тогтоолыг хэрэгжүүлэх мөнгийг улсын төсөв болон зээл, тусламжаас бүрдүүлнэ

          Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ баталлаа. Тогтоолыг таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Үүний 50 хувийг улсын төсвөөс, үлдсэнийг нь гадаадын зээл, тусламжаас бүрдүүлэх аж. Уг тогтоолд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих, тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон заалт тусгасан.

 

ХЭҮК-ын даргыг жинхэлж, илтгэлийг нь хэлэлцэв  

             Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) долоон (эрүү шүүлтийн асуудал харуцсан гишүүнийг багтаавал) гишүүнтэй. Үүний тавыг нь 2020 онд, үлдсэн хоёрыг нь саяхан томилсон. Гишүүд нь бүрдээгүй тул тус комиссын даргыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд томилоогүй. Харин үүрэг гүйцэтгэгчээр нь комиссын гишүүн Ж.Хунан ажиллаж ирсэн. Тэгвэл түүнийг УИХ жинхэллээ. Тодруулбал, ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар түүний нэрийг УИХ-д санал болгож, гишүүдийн олонх дэмжсэн.

 

                Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг ХЭҮК жил бүр боловсруулж, УИХ-д өргөн барьдаг. Энэ жил 21 дэх илтгэлийг бэлтгэн, баасан гаргийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Илтгэлээр цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамж, жендерийн эрх тэгш байдал, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдал хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн шинжилгээ гэсэн зургаан бүлэг сэдвийг хөнджээ. Мөн УИХ-аас шийдвэр гаргуулахаар 30 санал гаргасан байна.    

            Тус илтгэлд хүний ямар эрхийг хэрхэн зөрчиж буй талаарх баримт, кейс, санал асуулга, судалгаа, ярилцлагыг хүртэл багтаасан аж. Жишээ нь, 2021 онд  хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. УИХ-аар илтгэлийг хэлэлцэх үед дөрвөн гишүүн асуулт тавьж, байр суури илэрхийлсэн бөгөөд илтгэлийн мөрөөр УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газар үүрэг чиглэлэ өгөх хэрэгтэйг гишүүд хөндөж байв.

            ХЭҮК-ын 19, 20 дахь илтгэлийн мөрөөр гаргасан 67 дугаар тогтоолын хэрэгжилт 65-70 хувьтай байгааг гишүүд тодотгоод, тогтоол хэрэгжүүлдэггүй байдлыг шүүмжилсэн.

 

АН-ын бүлгийн даргыг чөлөөлөх үү 

            УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус бүлгийнхэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас хуралдаанаа хийж чадахгүй, зөрчилдсөөр ирсэн. Тиймээс эдгээр асуудлыг нэг мөр шийдэх, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүний олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилоход санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор бүрэн эрх нь хэрэгжих зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан юм. Үүний анхны хэлэлцүүлгийг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Байнгын хороогоор хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат санал гаргаж, хэлэлцүүлгээс хоёр удаа завсарлага авсан. Хэрэв уг хуулийг УИХ баталбал бүлгийн дарга Д.Ганбат чөлөөлөгдөж магадгүй. Учир нь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь түүнийг дэмжихгүй байгаа гэх мэдээлэл бий. 

 

 

Сэтгэгдэл