УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол ХЭҮК-ын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно” гэж заасан байдаг. Үүнийг баримтлан УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 06 дугаар сарын 16-нд албан бичиг илгээж, Ж.Хунанг тус комиссын даргаар томилуулахаар УИХ-д санал болгосон байна. Ж.Хунан нь 2020 оны арваннэгдүгээр сард ХЭҮК-ын гишүүнээр томилогдсоноос хойш тус комиссын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн. Комиссын сүүлийн хоёр гишүүнийг саяхан томилсноор тус байгууллага бүрэлдсэн бөгөөд ийнхүү даргыг нь томилох нөхцөл бүрдлээ.
Нэр дэвшигч Ж.Хунан 1979 онд Дорноговь аймагт төрсөн, 43 настай настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III сургууль төгсөж, 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд "Партнерс Форевер" ХХК-ийн хуульч, 2016-2017 онд "Нээлттэй нийгэм" форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байгаа аж.