УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс өмнө” гэснийг “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр боллоо.
Дараа нь “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэ үеэр үг хэлэх гишүүн байсангүй.
“Хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй”
Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтын тусгажээ. Үүнд
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоох, хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, Мөнгө угаах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тусгах, тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгав.
- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоног төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, галт зэвсэг, зэвсэгтэй нэгэн адил хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болон тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулж байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдэхэд ашигласан тоног төхөөрөмж, техник хэрэгслийг түрээсийнх болон бусдын өмчлөлд байсныг үл харгалзан хураан авч улсын орлого болгох зохицуулалтыг боловсронгуй болгох өөрчлөлтийг тусгана.
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Өмчлөх эрхийн эсрэг, Эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт зарим төрлийн гэмт хэргийг шинээр нэмж, зарим гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгана. Тухайлбал, Хүчээр гэрлүүлэх, Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах, Нийгмийн даатгалын сангаас хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж авах үйлдлийг тусад нь гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг (Эдийн засгийн гэмт хэрэг)-ийн 18.1.1 дэх хэсэгт заасан Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох, 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн худал мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан бол хүндрүүлэх, залилах гэмт хэргийн шинжид хуурамч төлбөрийн хэрэгслийг залилах, кибер орчинд залилах шинжийг нэмэх өөрчлөлтийг тусгана.
- Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж, ногдсон татвар, хүү, алдангийг сайн дураар төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгана.
- Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилна.
- Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэмэлтийг тусгана.
- Эрүүгийн хуулийн 21 дүгээрт бүлэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэрэг тухайлбал, 21.1, 21.10, 21.11 дүгээр заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгана.
- Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж ялгамжтай байхаар өөрчлөх, энэ бүлгийн гэмт хэрэгт оногдуулах санкцийн торгох ялыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялыг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хугацаагүйгээр хасах зэрэг өөрчлөлтийг тусгана.
- Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцид бүрэн нийцүүлнэ.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэрэг, Соёлын өвийн эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтүүдийг тусгана.
Улсын өмгөөлөгчийн цалингийн хэмжээг шүүгчийнхтэй дүйцүүлэх зарчим баримтална
Үргэлжлүүлэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэв. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийн 15.1.2 дахь заалтыг “улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг батлах;”, “хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаал, улсын өмгөөлөгчийн туслахын албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох.” гэж өөрчлөн найруулж, 15.1.2, 15.1.3 дахь заалт болгож, “Энэ хуулийг 05 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг “10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөхөөр боллоо.