Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн 2021.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцүүлэх асуудалд УИХ-ын чуулганы 11.05-ны өдрийн хуралдаанаар МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан бөгөөд Ардын намын 11.15-ны өдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжихгүй байх санал гаргасан. Энэ долоо хоногийн чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад буй учир уг төслийг хэлэлцэх эсэх асуудалд оруулсан гишүүдийн горимын саналуудыг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлд “..энэ хуулийн эцсийн хуралдааны товд заасан хэлэлцэхээр тогтсон асуудлын дарааллыг өөрчлөх хойшлуулах асуудал нэмэх, горимын санал гаргах бол үндэслэл бүхий саналаа чуулганы өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ.” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нараас тус тус горимын санал ирүүлснийг танилцууллаа.
Чуулганы үеэр гишүүдийн гаргасан горимын саналууд:
-С.Ганбаатар: Жолоочийн хариуцлагын даатгалын хуульд дараах горимын санал оруулах хүсэлтэй байна. Нэгдүгээрт, жолооч нарын төлөөлөл, тэд нарын эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг хамтад нь хуулийг хэлэлцэх үед оролцуулах саналтай байна. Үндсэн хуулийн 5.4 дүгээр зүйлд “... төрөөс эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг. Хувийн өмчийн эрхийг нь хамгаалъя, Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон энэ хэцүү цаг үед бие биеийнхээ эрсдэлийг хамтдаа хувааж үүрье гэдэг систем нь иргэдийн төлөө капитализмын тогтолцоо юм. Хоёрдугаарт, Засгийн Газрын хурлаар яригдаж байгаа даатгалын тухай багц хуультай хамтад өнөөдрийн энэ хуулиа эргэж хараад нь хэлэлцүүлэх алтан боломжийг өгөөч.
-Н.Алтанхуяг: Миний санал С.Ганбаатар гишүүний саналтай давхцаж байна. Зах зээлийн эдийн засаг луу шилжиж буй системд даатгал бол маш чухал зүйл гэж үздэг. Одоо хэлэлцэж буй хуулийн өөрчлөлтөөс үүдээд бид нарын ойлголт дутуу байна гэж бодлоо. Энэ хуульд “...Албан журмын даатгалыг заавал даатгуулах даатгалын хууль гэж тодорхойлсон хуулиар зохицуулна” гэж заасан ч хариуцах эзнийг тодорхойлоогүй байна. Гэхдээ хариуцах эзэн нь Санхүүгийн зохицуулах хороо биш. Санхүүгийн зохицуулах хороо нь хуулиараа заавал даатгалыг биш арилжааны даатгалыг хариуцна. Энэ асуудлыг тайван тухтай сууж, олон нийтийн хэлэлцүүлэг хийж, саяны шүүгч биш сахилгын хорооны гишүүний асуудал шиг ярилцах хэрэгтэй.
-Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг хуралдаад энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдэг санал гаргасан. Учир нь “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль” 2011.10 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Уг хуулиар даатгалын нэгдсэн санг даатгалын нэгдсэн холбоо буюу даатгалын компаниудын нэгдсэн холбоо зохицуулдаг бөгөөд энэ нь нэлээд зүгширсэн асуудал байна. Энэ хуульд жолоочийн эрх зүйн байдал өмнөх хувилбараас дээрдсэн зүйл байхгүй бөгөөд уг асуудлыг төр биш хувийн хэвшил зохицуулах нь зүйтэй. Мөн сургалт сурталчилгаа явуулах, тээврийн хэрэгслийн жолоочийн эрхээ алдсан иргэдийг дахин сургалтад явуулах зэрэг хөрөнгө оруулалтад даатгалын сангийн хөрөнгөөс зарцуулалт хийх нь буруу гэж үзэж, цаашдаа Засгийн Газар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, нөхөн төлбөр олгох хугацаа, буцаан олголтын шат дамжлагыг багасгах зэрэг асуудлаар хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй. Иймд намын бүлгээс даатгалыг төрд авахыг дэмжих боломжгүй гэсэн санал гаргасан.
-Т.Аюурсайхан: Даатгалын компаниуд хуульд заасан үндэслэлгүйгээр ихээхэн ашиг орлогыг төрийн албадлагаар аваад 10 гаруй жил болж байна. Үүний цаана автомашин жолоодох эрхтэй иргэд болон тэдгээрийн гэр бүлийн эрх ашиг буй. Энэ хуулийг нийтийн эрх ашгийг бодож УИХ-ын дэд дарга, олонхын бүлгийн дарга, цөөнхийн бүлгийн дарга зэрэг 20 нэр бүхий гишүүн санаачилсан. Гэвч уг асуудлыг дэмжээгүй байгаагаас үзэхэд төр хүчгүй байна.
-Ц.Даваасүрэн: УИХ-д олгогдсон онцгой бүрэн эрхийн нэг нь хууль тогтоох. Бид нарт баталсан хууль багадаагүй. Амьдрал дээр хэрэгждэггүй өмнөх гаргасан хуулиуддаа хяналт тавьж шалгах хэрэгтэй. Өнөөдрийн энэ асуудлыг МАН-ын бүлгээс дэмжихгүй шийд гаргасан байхад УИХ-ын дэд дарга нь энэ хуулийг хэд хэдэн нэр бүхий 20 гишүүн дэмжиж баталсан гэж байна. Энэ ойлгомжгүй асуудлаа цэгцэлж, ард түмэнд нэгдсэн нэг ойлголт өгч байж дахин хэлэлцүүлэх саналтай байна.
“Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Засгийн Газраас оруулж ирэх даатгалын багц хуультай хамтад нь оруулж ирэхээр хойшлуулах эсэхээр санал хураахад хуралд оролцож буй нийт гишүүдийн 57.5 хувь дэмжээгүй тул Эдийн Засгийн Байнгын хорооноос гаргасан саналын дагуу “Авто тээврийн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг” үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй эсэхээр санал хураахад хуралд оролцож буй нийт гишүүдийн 64.1 хувь дэмжээгүй тул хуулийн төслийг санаачлагч гишүүдэд буцаахаар боллоо.
З.Мичидмаа