УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.
Г.Занданшатар: Төрийн ордныг 1951 онд барьсан, модон хийцтэй. Та нар коридороор яваад харвал цууралт үүссэн байгаа. Газар хөдлөлт болж, нуралт үүсэн хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж мэргэжлийн хяналтын газар дүгнэсэн байдаг. Анх барьсан барилгынх нь хэсгийн мод нь өмхөрч, даацгүй болсон. Манай Төрийн ордонд зөвхөн парламент биш, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, ҮАБЗ гэх зэрэг олон газар байрладаг, багтаамж нь хүрэлцэхгүй болсон. Арын цэцэрлэгт хяналтын камер байршуулахгүй бол зарим жагсагч гарнат хүртэл нууж байсан түүхтэй.
М.Оюунчимэг: Энэ тогтоолын төсөл их чухал асуудал. Сүүлийн үеэр байгууллага, хамт олон, хүүхэд, залуучууд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцаж байгаа. Тэд нартай уулзахад Төрийн ордон иргэдэд нээлттэй байх, мэдээллээ хуваалцах, дотор нь юу болдог талаар ойлголт авах нь их чухал зүйл байна гэж догдлон хэлсэн. Тэгэхээр аль болох нээлттэй байх нь зүйтэй. Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ажилладаг, томоохон хэлэлцүүлэг, чуулган, уулзалт болдог. Гэтэл энэ ордныг 1951 онд барьсан гэж хэллээ. Төрийн ордны гадна тохижилт, арын цэцэрлэг, Төрийн ордонд өмсөх хувцасны стандарт гээд олон асуудал байна, нэг мөр шийдэх хэрэгтэй. Шаардлагатай бол ирэх оны төсөвт тусгаж, шийдэх нь чухал. Бид 9 цагаас эхлээд 22 цаг хүртэл ажилладаг. Гэтэл өдрийн цагаар ордны арын цэцэрлэгт гараад суучих сандал үнэндээ алга. Иргэд ч арын цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрдэг байх хэрэгтэй. Сүхбаатарын талбайд байгаа автомашины зогсоолыг би буруу гэж боддог. Автомашины зогсоолтой холбоотой асуудлыг ч цэгцлэх хэрэгтэй. Төрийн ордны гаднах зогсоолд энд ажиллаж байгаа бүх хүн машинаа тавих гэхээр багтахгүй, асуудал үүсгэдэг юм билээ.
Д.Цогтбаатар: Төрийн ордон нь төрийн тусгай хамгаалалтын бүс. Тогтоол баталснаар төрийн тусгай хамгаалалтад оруулсан юм билээ. Журам нь үүнийхээ дагуу гарсан. Тэгэхээр тэр тогтоолыг өөрчилж байж, журмыг нь шинэчилснээр эрх зүйн орчин нь нээгдэнэ.
М.Оюунчимэг: Бид орчин, хил зааг, хувцаслалттай холбоотой асуудал ярьж байна. Нөгөө талаас, Төрийн ордны өрөөнүүдийн цонх нь хаагдахгүй болчихоод байгаа шүү дээ, яг үнэнийг хэлэхэд. Цонхоо онгойлгож, хаахад үнэхээр хэцүү. Нэг гишүүн энэ тухайгаа цахим сүлжээнд нийтэлсэн байхад иргэд гайхсан байсан. Тагнуулын ерөнхий газар, Монголбанк, зарим яамыг хар, үнэхээр тасархай тасархай байшин. Гэтэл Төрийн ордондоо орж ирэхэд 1950, 1960 оных шиг л байна. Тэгэхээр ирэх оны төсөвт зарим зүйлийг Төрийн хэмнэлтийн тухай хуультай уялдуулан тусгах хэрэгтэй. Хэрэв газар хөдлөлт болбол ямар нэг асуудал үүсэх магадлалтай байна.
Г.Занданшатар: Төрийн ордон хуучны модон цонхтой. Даацаас нь шалтгаалаад вакум цонх хийхийг хориглодог. Дээвэр бас асуудалтай, дусаал гоождог. 1951 оны барилга учир асуудалтай байгаа.