ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр гаргасан тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж үзжээ
2022-06-16

               УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонслоо.  Итгэлийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан танилцуулав.

                  ХЭҮК-оос 2021 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, комиссын гишүүний  санаачилгаар  болон  иргэдээс  ирүүлсэн  гомдол,  мэдээллийн  мөрөөр  явуулсаан  хяналт  шалгалт,  төрийн  байгууллагуудын  албан  ёсны  мэдээлэл,  хөндлөнгийн  бусад  судалгаа,  эх  сурвалжид үндэслэн уг илтгэлийг дараах зургаан сэдвийн хүрээнд боловсруулжээ.

            Тус комиссоос дараах саналыг УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн байна. Үүнд

1. КОВИД-19 цар тахлын сургамжид үндэслэн нийгмийн гоц халдварт өвчнийг тандан судлах, сэргийлэх, нийтийн эрүүл мэндийн гамшгийн хариу арга хэмжээг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх байгууллагуудын зохион байгуулалт, уялдан ажиллах горимыг хянан үзэж, тогтолцоог сайжруулах;

2. Нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлын хариу арга хэмжээг халдварын тархалтыг хязгаарлах явцуу хүрээнд биш, үүссэн нөхцөл байдлын нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг тооцож, эрсдэл өндөртэй нийгмийн бүлгийг хамгаалах өргөн хүрээнд төлөвлөх бодлогын чиглэлийг Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор баталсан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгах;

3. Улс төрийн намын тухай хуульд УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, суудал хадгалах, намын бүтэц зохион байгуулалтын бүхий л шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын үйл ажиллагаанд жендэрийн аудит хийх зохицуулалтыг тусгах;

4. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд сонгуулийн зардлын тодорхой хувийг төсвөөс санхүүжүүлэх, энэхүү санхүүжилт нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн байх шаардлагыг тавих, тухайлбал: санхүүжилтийн хэмжээг сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоотой уялдуулан өсгөх болон тодорхой хувийг эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихэд зарцуулах зохицуулалтыг тусгах;

 5. Жендэрийн мэдрэмжтэй статистик мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглах, түүнийг нийгмийн салбарын хөтөлбөрүүд болон аймгийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг бодит үр дүн гаргахуйц байдлаар уялдуулах;

 6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, санхүүжилтийг жил бүр орон нутгийн төсөвт тусгайлан тусгаж баталж хэвших;

7. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч, гуравдагч этгээдийг хамгаалах, тэдэнд сэтгэл зүйн болон захиргааны шаардлагатай дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

8. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар Зөрчлийн тухай, Эрүүгийн хуульд нэмэлт зохицуулалт тусгах;

9. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээнд бэлгийн дарамтыг хориглосон хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, мэдээлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд тогтмол явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ялангуяа удирдах ажилтнуудын манлайллыг төлөвшүүлэх;

10. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт болон хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх;

11. Хүүхдийг хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажиллуулах болон “өрийн төлөөс, хамжлагын албат” болгоход чиглэсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүй, хөдөлмөр эрхэлж байгаа болон унаач хүүхдийг сургуулиас завсардуулсан ажил олгогч, уяач, эцэг, эх, асран хамгаалагчдад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгох;

12. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Энэ гэмт хэргийг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн...” гэсний дараа “биеэ үнэлэхэд зуучилсан” гэж, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “энэ гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй хүнийг ашигласан, татан оролцуулсан” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 84 дүгээр зүйлд “13-15 насны хүүхдийн ажиллах цагийн хязгаар” гэж, мөн хуульд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчийн байранд хашигдан хийх ажил”-ыг хориглох тухай гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэх нэр томьёонд “тэвчишгүй хөдөлмөрт өртсөн хүүхэд” гэж, Дайны байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “Дайны байдлын үед цэргийн дайчилгаанд 18 нас хүрээгүй хүнийг оролцуулахгүй байх” гэж тус тус нэмж тусгах;

13. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд “насанд хүрээгүй хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн” үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж, хөдөлмөрийн нөхцөлд насанд хүрээгүй хүнийг ажиллуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол...” гэсний “зориуд” гэснийг хасах;

14. Өвлийн цагт үсэргээ, сунгаа, морины ажлыг хүүхдээр хийлгэхийг хуулиар хориглох, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

15. Унаач хүүхдийн хамгаалах хэрэгслийн чанарыг сайжруулах талаар холбогдох стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах, унаач хүүхэд бүрэн хамгаалах хэрэгсэлтэй барианд ирсэн эсэх шалгуурыг Үндэсний их баяр наадмын морин уралдааны болон Монголын хурдан морины уралдааны дүрэмд тусгах;

16. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар бий болгосон хохирогч хамгааллын бүтэц, тогтолцооны зураглалыг харилцан уялдаатай гаргаж, байгууллагуудын чиг үүргийн давхцалыг арилгаж, уялдаа холбоог хангах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;

17. Хамтарсан багийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулах, сум, багуудад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоог тусгайлан бий болгох, эсхүл нийгмийн ажилтны орон тоог хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх;

18 Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, сайн дурын хөтөлбөрийг үр дүнтэй эхлүүлэх, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх;

19. Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны стандартыг батлан гаргах, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг хуулиар тогтоосон тус бүрийн чиг үүргийн дагуу ажиллуулах;

20. Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааг хориглосон зохицуулалтыг тусгах;

21. Хил хамгаалалтад техник, технологийн шийдлийг боломжит богино хугацаанд нэвтрүүлэх, мэргэжлийн болон гэрээт цэргийн алба хаагчдаар хил хамгаалуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

22. Төрийн цэргийн байгууллагад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, цэргийн дүрмийн бус харьцаанаас 350 урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх;

23. Цэргийн мэргэжлийн алба хаагчийг бэлтгэх, давтан сургах бодлого, тогтолцоог боловсронгуй болгох;

24. Цэргийн алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх; Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар:

25. Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн судалгааг улсын хэмжээнд нарийвчлан гаргаж, шинэчлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

26. Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжтэй, чирэгдэлгүй байх зарчмыг хангах үүднээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвгүй хороо, суурин газарт өрхийн эрүүл мэндийн төв байгуулах, өргөжүүлэх;  

27. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бусдаас хараат бусаар авах хүртээмжтэй орчныг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад бүрдүүлэх;

28.Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх цогц арга хэмжээг авах;

29. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний гуравдугаар хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх;

30.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх тухай УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 02, 2016 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх.

Ж.Хунан: Бүх эрхийн хэрэгжилтээр илтгэл боловсруулах бодлого баримталдаг

УИХ-ын гишүүд илтгэлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа.

Ц.Сандаг-Очир: Комисс сайн дүгнэлтүүдийг хийж танилцуулж байна. Илтгэлийг зургаан чиглэлийн хүрээнд боловсруулжээ. Сэдвийн чиглэлээ яаж сонгодог юм бэ. Судалгаанд оролцсон дөрвөн хүний нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад байгаа гэж хариулсан гэх шиг боллоо. Үнэн сонссон уу. Ямар хүмүүсийн хүрээнд судалгаа хийсэн бэ. ХЭҮК судалгаагаа хийж, дүгнэлтээ гаргасан байна. Та бүхний дүгнэлтийг УИХ, Засгийн газар авч анхаарах ёстой. УИХ ХЭҮК, ХЭҮК Засгийн газрын хоорондын харилцаа, хандлага ямар байна вэ. Та бүхний өнгөрсөн хугацаанд өгсөн дүгнэлт, саналыг УИХ, Засгийн газар хэрхэн анхаарч, ямар шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн бэ.

Ж.Хунан (ХЭҮК-ын даргын үүрэг гүйцэтгэгч): Ямар чиглэлийн сэдвээр илтгэл боловсруулах вэ гэдгийг комиссын хуралдаанаар шийдвэрлэдэг. 2021 оны илтгэлийг тодорхой үндэслэл, шалтгаанд тулгуурлан сэдвийг нь сонгож бэлтгэсэн. “Цар тахлын хууль”-ийг хэрэгжүүлж байгаа. ХЭҮК уг хуулиар тодорхой үүрэг, чиглэл хүлээсэн. Тиймээс 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нээс хойш цар тахлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүний дагуу ажлын байрны бэлгийн дарамт, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээр судлахаар нэг сэдвээ сонгосон. Мөн жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хоёр жил тутамд ХЭҮК судлах танилцуулах үүрэг хүлээсэн тул үүнийг сонгон шинжилсэн. Түүнчлэн цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд шуугиан тарьж, алба хаагч ангийн даргаа хөнөөсөн ч үйлдэл гарсан, нөгөөтээгүүр, 2016 онд ХЭҮК энэ сэдвийг сонгон дүгнэлтээ УИХ-д хүргүүлж байсан бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдсөн, дээрдсэн, эсэхийг тандах зорилгоор энэ чиглэлээр судалсан. Өнгөрсөн онд ХЭҮК-оос гурван объектод хяналт шалгалт хийсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, СЭМҮТ, Түлэнхийн төв үүнд багтсан. Уг хяналт шалгалтын дүнд тодорхой санал, зөвлөмж гаргасан бөгөөд илтгэлд тусгасан. Илтгэлийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой сэдвүүдээр боловсруулдаг. Боломжтой бол бүх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар илтгэл боловсруулах бодлого баримталж байгаа. Үүний хүрээнд хүний эрхийн үндэсний индекс боловсруулж байна. Гэхдээ ХЭҮК-ын төсөв хязгаарлагдмал. Аймгуудад нэг, нэг ажилтан байдаг бөгөөд орон нутагт, сумдад ажиллах нөхцөл тэр бүр бүрддэггүй.

“Тогтоолын хэрэгжилт хангалтгүй гэж үнэлсэн”

Ц.Сандаг-Очир: Гол асуудлаа ярихгүй юм уу. Та бүхний саналыг мөрөөр УИХ, Засгийн газар ямар шийдвэр гаргаж байна вэ. Илтгэлийг хэр ойшоож харж байна вэ. Та бүхэн шаардлага, зөвлөмжийнхөө араас хэр хөөцөлддөг юм бэ?

Ж.Хунан: Өнгөрсөн онд ХЭҮК-ын 20 дахь илтгэлийг УИХ хэлэлцээд 60 дугаар тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын 2021 оны намрын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Засгийн газарт даалгасан. ХЭҮК-оос Засгийн газар луу хэрэгжилтийн мэдээллийг авах албан бичиг явуулсан. Үүний хариуг ирүүлсэн. Тогтоолын хэрэгжилтэд ХЭҮК үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, тогтоолд тусгасан 14 заалтын хэрэгжилтийг хувьилж дүгнэсэн. Тодруулбал, 1 дэх заалтын хэрэгжилт 0, 2 дахь заалтынх 100, 3 дахь заалтынх 30, 4 дэх заалтынх 100, 5 дахь заалтынх 70, 6 дахь заалтынх 70, 7 дахь заалтынх 70, 8 дахь заалтынх 100, 9 дэх заалтынх 30, 10 дахь заалтынх 100, 11 дэх заалтынх 30, 12 дахь заалтынх 100, 13 дахь заалтынх 100, 14 дэх заалтынх 100 хувьтай байна гэж үзсэн. Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагыг хүргүүлсний хэрэгжилтийг нь нэхэж авдаг. 2021 онд комиссын гишүүний 10 зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Үүнээс хоёрт нь хариу ирүүлээгүй. Үлдсэнийх нь хэрэгжилтийг хангаж ирүүлсэн. Мөн комиссын гишүүнээс 11 шаардлагыг өгсөн бөгөөд хоёр шаардлагын хариуг ирүүлээгүй.

С.Бямбацогт:  Ямар албан тушаалтан хариу ирүүлээгүй вэ. Хариу ирүүлэх хуулийн хугацаа 30 хоног байх ёстой.

Ж.Хунан: Шадар сайдад явуулсан 2021 оны нэгдүгээр сарын 28-ны болон мөн тус албан тушаалтанд явуулсан гуравдугаар сарын 26-ны шаардлагын хариуг ирүүлээгүй. Түүнчлэн Шадар сайдад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд өгсөн зөвлөмжид хариу ирүүлээгүй. 2021 оны аравдугаар сарын 2-нд Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн зөвлөмжид хариу өгөөгүй.

Ц.Сандаг-Очир: Асуултад бөөрөнхий хариулж байгаад сэтгэл дундуур байна

Ц.Сандаг-Очир: Ж.Хунан дарга та ийм хайнга хүн үү. ХЭҮК, УИХ, Засгийн газрын хоорондын уялдаа холбоо ямар байна. Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарын асуудлын тухайд ямар ч хариу өгсөнгүй. ХЭҮК-ын гишүүд ийм чухал сэдвээр илтгэл бичиж, дүгнэлт гаргачихаад үүнийгээ хамгаалж чадахгүй, асуултад “бөөрөнхий” хариулж байгаад сэтгэл дундуур байна.  

С.Бямбацогт: УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Үүнд ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэхтэй холбоотой зохицуулалт тусгасан. ХЭҮК-ын зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй гэж ярьж байна. ХЭҮК-ын 20 дахь илтгэлийн мөрөөр УИХ-аас 14 заалт бүхий 67 тогтоол баталсан. Үүний хэрэгжилтийн тодорхой хувийг биелүүлээгүй гэж хөндлөө. УИХ-ын Тамгын газрын Хяналт шинжилгээний хэлтсээс ХЭҮК-ын тайлан, илтгэлд дүн шинжилгээ хийсэн. ХЭҮК-ын илтгэлийг хэр зэрэг бичсэн байна вэ. Цаашид ХЭҮК-ын тухай хуулийг зөрчиж байвал ямар хариуцлага ярих ёстой вэ. УИХ ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцэнэ. Гэтэл өмнө нь гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байхад дахин дахин тогтоол гаргах шаардлагатай юу?
н.Лхагвасүрэн (УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга): ХЭҮК-ын 21 дэх илтгэлд манай хэлтсээс тодорхой хугацаанд шинжилгээ хийж, УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Манайх ХЭҮК-ын илтгэлийн мөрөөр УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн. 2021 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилт дунджаар 65.7 хувьтай байгаа гэж үнэлсэн.

С.Бямбацогт: Хариуцлагын асуудал ярих шаардлагатай юу. 67 дугаар тогтоолын хэрэгжилт 65 хувьтай гэж байна. 14 заалтаас алийг нь биелүүлээгүй юм бэ. Тодорхой заалтуудыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх ёстой юу. Ерөнхийдөө 50-иас дээш хувьтай биелүүлсэн гээд хариуцлагын асуудал ярихгүй, орхих юм уу.

н.Лхагвасүрэн: ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр хийсэн илтгэлээ ирүүлэхийн зэрэгцээ өмнөх илтгэлийн мөрөөр гаргасан 67 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа тул УИХ, Засгийн газарт өгөх найман чиглэлээрх 30 саналыг боловсруулж ирүүлсэн. Эдгээр саналд хяналт шинжилгээ хийж үзээд, 21 саналыг нь авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газарт үүгээр чиглэл өгөх санал боловсруулж болно.  Есөн саналыг нь ач холбогдол нь буурсан, тодорхой хууль, тогтоомжоор зохицуулсан, ямар нэг шийдвэр гаргасан гэж үзээд авч үзэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн манай Хяналт шалгалтын хэлтсээс ХЭҮК-т дөрөв, Засгийн газарт 10 чиглэлээр зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд, тайландаа тусган танилцуулсан.  

С.Бямбацогт: 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг ХЭҮК хангалтгүй гэж дүгнэсэн бол УИХ-ын Тамгын газраас боломжийн гэж үзжээ. Зөрүү байгаа биз. Холбогдох байгууллага нь ажлаа сайн хийгээгүй байна гэхэд манайхан хууль, тогтоолыг сайн хэрэгжүүлж байна гээд яваад байх нь хэр зохимжтой юм бол.   

Сэтгэгдэл