Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор иргэдийн санаа бодлыг энэ сарын 18-наас эхлэн судална
2022-06-15

             АН-ын бүлгийн даргыг солих боломж олгох хуулийн төслөөс АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлага авав 

          УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа. Энэ сард Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа.

                 УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдсан тул бүлгийн хуралдаанаа хийж чадахгүй байгаа талаар зарим гишүүн хэлсэн. Бүлгийн даргаа чөлөөлж, өөр гишүүнийг оронд нь томилуулах хүсэлтэй ч УИХ-ын тухай хуульд үүнтэй холбоотой тодорхой заалт тусгаагүйгээс өдий хүрснийг тэд чуулганы хуралдааны үеэр хөндсөн юм. Тиймээс УИХ-ын тухай хуульд энэ чиглэлийн зохицуулалт тусгахаар төслийг нь өргөн барьсныг өнөөдөр хэлэлцсэн ч АН-ын бүлгийн дарга үүнээс завсарлага авах санал гаргав.  

Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг баталлаа

         “Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсад Төрийн хяналт-аудит үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ой 2022 онд тохиож байгаа аж. Үүнтэй холбогдуулан төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх үйл явц болон хөгжлийнхөө бодлого, стратегийг иргэд, олон нийт, харилцагч талуудад үнэн зөвөөр хүргэх, тэдний хүсэл бодлыг сонсох үйл ажиллагааг УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлого, зарчимд нийцүүлэн зохих төлөвлөгөө, нэгдмэл зохион байгуулалтын дор сурталчлан таниулах үйл ажиллагааг дэмжин Төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоолын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. 

                 Тогтоолын төсөлд  Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн аудитын тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогод нийцсэн төрийн санхүү, төсвийн хяналтын чиг үүргийг сайжруулах зорилго, “төрийн хяналт-аудит” үүсэж хөгжсөний түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойг бодит баримт, цаашдын хөгжлийн сайн туршлагад тулгуурласан онол практикийн бага хурал, бусад арга хэмжээг зохион байгуулах, төрийн хяналтын байгууллага үүссэнээс хойш төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналтын хараат бус (аудит) байгууллага хүртэлх хөгжлийн явц, үйл хэргийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд үнэн зөвөөр сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.

                    Монгол Улсад Төрийн хяналт- аудит үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын холбогдох журмыг баримтлан зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасан байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаагаа хэлээд бөгөөд тогтоолд ойн арга хэмжээг зохион байгуулахдаа баримтлах хууль, тогтоол, журмыг тодорхой оруулж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, эцэслэн баталлаа.

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээг шинэчлэн тогтоох төслийг дэмжлээ 

               Хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.  УИХ-аас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг УИХ тогтооно” гэж заасан.

           Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа юм. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна хэмээн хэмээн танилцуулав.  

             Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2008 онд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмаар Төрийн ордны хамгаалалтын бүсийн хэмжээ хязгаар, Төрийн ордонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан.

              Уг журам нь батлагдсанаас хойш зарим төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн Төрийн ордны хамгаалалтын бүрэлдэхүүнд орж байсан зарим хэсэг нүүж, нөхцөл байдал цаг үеэ даган шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн зэргийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан байна. 

                Тогтоолын төсөлд Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөх асуудлыг тусгажээ.

            Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Ё.Баатарбилэг: Төрийн ордны хамгаалалтын бүсийг хумьж, олон нийтэд нээлттэй болгох гэж байгааг дэмжиж байгаа. Төрийн ордон руу иргэд чөлөөтэй нэвтрэх, тодорхой хэмжээгээр танилцах боломжийг илүү нээлттэй болгох нь зөв. Гэхдээ заавал УИХ-ын тогтоол гаргах нь хэр зохимжтой юм бол. 2008 онд ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар журам батлан хамгаалалтын бүсийг тогтоон журамласан юм билээ. Дахин хамтарсан ажлын хэсэг гаргаад журмаар зохицуулаад явбал болохгүй юу. 

Д.Цогтбаатар: УИХ-аас 2001 онд баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг УИХ тогтооно.” гэж заасан бөгөөд Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдсан юм байна. Уг тогтоолоор Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоосон байна. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа аж. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байгаа гэлээ. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газраас үүсээд буй дээрх нөхцөл байдлыг дурдсан хүсэлтийг ирүүлсэн.

               Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд олон нийтийн санаа бодлыг тандана 

             Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох болон зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн С.Бямбацогт санал, дүгнэлтээ танилцуулсан.

          Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 15-нд хуралдаж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал зохион байгуулахаар, түүнчлэн тогтоолын төсөл 2 хавсралттай байхаар боловсруулсан бөгөөд олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, тандан судлах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тогтоосон хэмээн танилцуулав.

                Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж, дүнг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг ажлын хэсэгт даалгахаар тусган, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхи, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосон байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Ё.Баатарбилэг: Олон нийтийн санаа бодлыг тандан судлах гэдгийг хэрхэн ойлгох вэ. Ямар хэлбэрээр энэ ажлыг зохион байгуулах вэ. УИХ-ын ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй ажиллах вэ. 

С.Бямбацогт: Шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдан, түүнээс хойш 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг асуудал 20-иод жил яригдсан. Ингээд 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн санаа бодлыг сонссон. Зөвлөлдөх санал асуулга явуулж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингээд үндсэндээ ард иргэдийн олонхын зүгээс дэмжлэг авсан асуудлуудаа тусган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих явцад зарим асуудлыг дутуу тусгасан байна, гүйцэд шийдээгүй байна, дахин сайжруулах шаардлага байна гэж иргэд, олон нийт, улс төрийн намуудаас, судлаач, эрдэмтдийн зүгээс, УИХ-ын гишүүдээс санал хүсэлт гаргасаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, УИХ-д суудалтай намын тодорхой төлөөллүүд, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулсан юм. Улстөрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-д санал, шаардлага мөн ирүүлсэн. Эдгээр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо судалж, энэ асуудлаар ард иргэдийн саналыг сонсох, иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг  дэмжиж буй эсэх, ямар байр суурьтай байхыг тодорхой болгох үүднээс нийслэл хот болон 21 аймагт буюу улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцүүлгүүдээр гарсан саналуудыг нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх төсөл боловсруулна.  Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтад  заасан ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсэг хэлэлцүүлгийг ямар журмаар зохион байгуулж, иргэдийн саналыг авахыг тодорхой журмаар зохион байгуулна. 

           Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо

Сэтгэгдэл