Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно” гэж заасан байдаг. Үүний дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.
Дээрх тогтоолыг баталснаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд илээр нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон датаг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой аж.
Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журмын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудсанд байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдүүлэх гэнэ.