Төрийн ордонд энгийн хувцастай нэвтрэхийг зөвшөөрөх тогтоолын төсөл өргөн барив
2022-06-13

             УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. Төрийн ордны тухай хуульд “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг УИХ” гэж заасан байдаг. Үүний дагуу Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай  2001 оны 16 дугаар тогтоол баталж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцож байна. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш Төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа аж. 

         Тогтоолын төсөлд Төрийн ордны хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэд, олон нийтэд нээлттэй болгох тухай, УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, сурталчлан таниулах, ил тод, нээлттэй болгох зорилгын хүрээнд УИХ-ын гишүүнтэй уулзах, парламентын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөх асуудлыг тусгажээ.  

Сэтгэгдэл