Эрүүл мэндийн салбарын асуудлаар “амьсгалсан” долоо хоног
2022-06-12

 “Тендерийн” гэж товчлон нэрлэдэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав

             УИХ өнгөрсөн долоо хоногт “Тендерийн” гэж товчлон нэрлэдэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Уг төслийг Засгийн газраас дөрөвдүгээр сарын 5-нд өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх, эсэхийг нь шийдэх үеэр УИХ-ын цөөнгүй гишүүн эсэргүүцсэн түүхтэй. Тодруулж хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд манай улсыг хөгжүүлэх 30 том төслийн гүйцэтгэгчийг тендер шалгаруулалгүйгээр хэлэлцээ хийх замаар сонгох талаар тусгасан байв. Мөн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит компаниудын ногдол ашгаас гаргавал тендер шалгаруулалгүйгээр гүйцэтгэгчийг сонгох тухай заалт байсан. УИХ-ын гишүүд тус хоёр заалтаар “хуулийн хулгай” хийх нь гэж ихээхэн эсэргүүцсэн тул МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэний үр дүнд хассан юм.

           Дээрх хуульд тусгасан шинэ зохицуулалтаас онцолбол, тендерт оролцогчоос гаргах тендерийн баталгааны хэмжээ дөрөв дахин буурлаа. Түүнчлэн компаниас гүйцэтгэлийн баталгаа авахдаа санхүүжүүлэх дүнгээр нь жил бүр шинэчлэн тооцохоор болов. Жишээ нь, гүйцэтгэгчтэй 2 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулбал тухайн компаниас 100 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулдаг. Тэгвэл уг хуулийг баталснаар тухайн төслийг он дамжин хийхгүй бол гэрээний үнийн дүнгийн 3 хувь буюу 60 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулна гэсэн үг. Харин төслийг он дамжин хэрэгжүүлэх бол тухайн онд санхүүжүүлэх дүнгийн 3 хувиар бодож, баталгаа байршуулах аж.

         Эдийн засаг агшсан ийм үед төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахын тулд тендерт шалгарсан гүйцэтгэгч компаниудыг дэмжих зорилгоор эдгээр зохицуулалтыг хуульчилсныг Засгийн газрын гишүүд тайлбарласан.    

Хөгжлийн банкийг дампууруулахгүй

            Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо мягмар гарагт хуралдлаа.  Засгийн газар үүргээ хүлээх үү, эсвэл Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирснийг Сангийн сайд Б.Жавхлан онцлоод, тус банкийг авч үлдэхээр болсныг дуулгасан юм. Тэрбээр “Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онд үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гаргасан. Анх энэ зээлийг арилжааны зорилгоор олгосон. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд, орон сууц барьсны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төлөөд явах тогтоолууд гаргасан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээл үүссэн. Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкийг дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авна" гэв.

           УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Ингэхдээ сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, 3-аас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай иргэнийг томилох ёстой. Хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч И.Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Л.Эрдэнэчулуун нарыг томилов.

“Ковид-19”-ийн улмаас 2020, 2021 онд 46 эх энджээ  

            “Цар тахлын хууль”-ийн биелэлтийг хангуулах үүрэгтэй УИХ-ын түр хороо мягмар гарагт хуралдаж, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. Сайд С.Энхболд “Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч байгаа ба байгалийн жамаараа вирус тасралтгүй мутацид орсоор байна. Энэхүү мутациас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал. Дийлэнх эрдэмтэн ийм хувилбар намар гарч ирнэ хэмээн тооцож байгаа”-г танилцуулав. Тиймээс дараагийн давлагаанд бэлдэн, вакцины нэмэлт тунгийн судалгаа болон нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эмийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй гэнэ.

            Гишүүдийн асуултад хариулах үеэр коронавирусийн халдварын улмаас 2020, 2021 онд 46 эх эндсэнийг тодотгосон. Мөн эрүүл мэндийн салбарын 16 мянга шахам ажилтан уг вирусээр өвчилсөн байна.

“Хорт хавдрын тохиолдлын 72.4 хувь нь хожуу шатандаа оношлогдсон”

          УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны мягмар гаргийн хуралдаанаар хорт хавдрын өвчлөлийн талаарх мэдээллийг сонссон. Манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн байна. Зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцийг харвал элэгнийх 32.7, ходоодных 16.1, уушиг, гуурсан хоолойнх 7.5, улаан хоолойнх 5.7, умайн хүзүүнийх 5.2 хувийг эзэлжээ. Хорт хавдрын тохиолдлын 72.4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шатандаа оношлогдож буйгаас нас баралтын түвшин өндөр байгаа аж.

            Манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан бол энэ жил 60.8 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ. Хавдрын мэс заслын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн, орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилснийг Эрүүл мэндийн сайд онцолж байв.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг хоёр удаа хойшлуулав

           Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг.  Багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг төдийгүй бага насны хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөлж байдаг”-тай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зургадугаар сарын 6-нд явуулахаар төлөвлөсөн ч 13 болгож хойшлуулсан. Гэтэл уг хугацааг дахин хойшлуулахаар болсныг Нийгмийн бодлогын байнгын хорооноос мэдээлэв.

ҮАГ: Гадаадын зээлийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж байна

        УИХ-ын Төсвийн байнгын хорооны лхагва гаргийн хуралдаанаар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. Аудитын дүгнэлтэд тусгасан онцлох зүйлсийг танилцуулъя.

  • УИХ-аас гадаад зээлийн талаар баримтлах бодлого батлаагүй.
  • Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын 4.2, 4.9, 4.10, 4.11-т заасныг мөрдөөгүй.
  • Хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ Сангийн яам бүрэн хэрэгжүүлдэггүй.
  • Гадаад тусламжаар хэрэгжүүлж байгаа 29 төслийг төсвийн багцад тусгаагүйгээс ашиглалтын дүнг бүртгэдэггүй, тайлагнадаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэггүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс төслийг давхар санхүүжүүлэх эрсдэлтэй байна.
  • Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг шилэн дансандаа бүрэн байршуулдаггүй.
  • Гадаадын зээлийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үрэлгэн зарцуулж байна

Аудитын дүгнэлтийг сонсоод өнгөрөх бус, гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулахыг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны төгсгөлд онцолсон юм.

Шаардлага хангаагүй 79 хүн төрийн албанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна  

            Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүдээс өргөн барьсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо. Төрийн албан хаагчдын сахин мөрдөх нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг уг төсөлд тусгаж, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоохоор заажээ. Төслийг хэлэлцэх үеэр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар 2524 хууль бус томилгоо хийсэн байсныг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хөндөв. Эдгээрээс 326 нь өдгөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаагаас 79 нь шаардлага хангаагүй учир анхааруулга хүргэсэн байна.  

Амьгүй донороос 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгажээ

           Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг төсөлд донорын насыг 21 болгох, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотойгоор Ёс зүйн хороо байгуулан ажиллуулах, донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бий болгох зохицуулалт тусгасан. Төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй хоёр саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга өгсөн юм.  

           Одоогоор нийт 3800 гаруй амьгүй донорыг илрүүлснээс 24 нь донор болж чаджээ. Амьгүй донороос 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийснийг хууль санаачлагч Ж.Чинбүрэн онцолж байв.

           УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан гишүүний асуулгын хариуг хэлэлцсэн. 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн 39.1 хувь нь элэгнийх байсан бол 2021 оны жилийн эцсийн дүнгээр энэ тоо 32.7 хувь болж буурчээ. Эрүүл мэндийн яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох хавдрын нийт тохиолдлын эзлэх хувьд элэгний хавдар 6.4 хувиар буурсан нь хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэний илрэл гэдгийг энэ үеэр тодотгож байлаа. “Элэг бүтэн Монгол”  нь чухал хөтөлбөр тул үргэлжлүүлэх, эрт илрүүлэх үзлэгийг оновчтой болгох, эрүүл мэндийн салбараа чадавхжуулах, цалин хөлс бага, ажлын ачаалал маш өндөр байгаа эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаарахыг УИХ-ын гишүүд захьсан.  

ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжсэнгүй

         УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Тус зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нарыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ-д санал болгожээ. Нийгмийн бодлогын байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсголыг дөрөвдүгээр сарын 18-нд зохион байгуулсан.

         Сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх тэднийг томилохыг дэмжээгүй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох, эсэхийг нь хэлэлцэх үеэр нэр дэвшигч З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирсэнгүй. Тэднийг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар санал хураалтын дараа чуулганы хуралдаанд нэр дэвшигчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу УИХ-д хүндэтгэлгүй хандсаныг хэлсэн.

Дурын салбарт төрийн өмчит компани байгуулах боломжгүй болно

             Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Төслийн танилцуулгад дурдсанаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг байжээ. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бүрдүүлсэн байна. Үлдсэн 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч орлогынх нь 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байгаа аж.

Хуулийн төсөлд тусгасан онцлох зохицуулалтыг дурдъя.

  • Стратегийн ач холбогдол бүхий, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний  тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбартл төрийн өмчит компани байгуулах боломжтой.
  • Дээрхээс өөр салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй.
  • Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсооно. Оронд нь Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ.
  • ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, хүйсийн тэнцвэртэй ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх зохицуулалт тусгасан.  
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, нийтэд тайлагнах асуудлыг төсөлд дэлгэрэнгүй тусгасан.

 

          Хуулийн төслийг дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа. Төрийн өмчийн реформ хийх нь Засгийн газрын үйл ажиллагаагын хөтөлбөрт тусгасан зорилт. Уг зорилтыг дээрх хуулийг баталснаар эхлүүлэх бололтой.  

Сэтгэгдэл