УИХ гурав дахь хянан шалгах түр хороогоо байгуулав
2022-06-10

            Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зургадугаар сарын 3-нд өргөн мэдүүлсэн. Энэхүү түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, дээрх асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй аж.

            Монгол Улс 2022 онд 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөө саатан, улмаар нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэх 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл үүсчээ. Түүнчлэн  Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тогтоох шаардлагыг үндэслэн уг асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын 26 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан байна.

         Тус хороог байгуулахыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжин тогтоол баталлаа.  Өмнө нь Хөгжлийн банкны, эмийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулсан.    

Сэтгэгдэл