УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нар нэрээ дэвшүүлсэн байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Нэр дэвшигчдийн дунд томилгооны нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд хараат бус шинжээч нар тэднийг мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, ёс зүйн хувьд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжээгүй аж.
УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нэр дэвшигч З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нар хүрэлцэн ирээгүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирж оролцоогүй буюу УИХ-д хүндэтгэлгүй хандсан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн дагуу зохих хариуцлага ногдуулахыг УИХ-ын Тамгын газарт үүрэг болгов. З.Цогтгэрэл, Ч.Нарантуяа нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Томилох нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг нэр дэвшүүлэх хуультай.