"Эрдэнэс Монгол", Төрийн банк, Хөгжлийн банк өр, төлбөрөөрөө тэргүүлж байна
2022-06-10

             УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн баталлаа. Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв. Өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.   

УИХ-ын гишүүд: Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээл Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын улсад оруулж байгаа орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашиг, эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээ ямар байна вэ. Мөн төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг хэрхэн цэгцлэх вэ. Төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчийн компаниудыг тодорхойлж чадсан уу. Адилхан чиг үүрэгтэй төрийн өмчит компаниудыг нэгтгэх, эсэх асуудлыг төсөлд хэрхэн тусгасан бэ?

Б.Цэнгэл (Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга): 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компанийн үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадаг. Нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа. Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл,  “Эрдэс монгол нэгдэл” 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, “Монголын төмөр зам” ТӨХК 1.5 их наяд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбум төгрөгийн өртэй.  Хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.1 их наяд төгрөгөөр  тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл”  1.5 их наяд төгрөгөөр удаалж байгаа бол хамгийн их ашигтай ажилласан хуулийн этгээдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 901 тэрбум төгрөгөөр тэргүүлж, “Эрдэнэс монголын нэгдэл” 126 тэрбум, “Монголросцветмет” ТӨҮГ 85 тэрбум, “Улаанбаатар төмөр зам”  69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлттэй байна.   

П.Сайнзориг (Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): Өмнө нь агентлагийн статустай ажиллаж байсан олон газар аж ахуйн тооцоотой төрийн үйлдвэр нэрээр ажиллаж байгаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж төрийн бүтээмжийн асуудлыг судалж байна. Цаашид бид төрийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн давхардлыг авч үзэн агентлагийн статустай ажиллах байгууллагуудыг нэг мөр шийдэж, эсвэл  татан буулгана. Мөн зарим ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар (ХЗДХ-ийн сайд): Төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар зохицуулж байгаа бол энэ нь анхдагч хуулийн төсөл. Хууль батлагдсанаар төр дөрвөн жилээр улсынхаа тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож, тэр чиглэлийн хүрээнд бизнесээ хийнэ. Мөн стратегийн болон эрчим хүч, хог, дулаан зэрэг нийтийн зориулттай тодорхой төрлийн бизнесийнхээ тодорхойлолтыг гаргаж, бусад төрлийн бизнест төр оролцохгүй гэдгээ зарлана. Цаашлаад төр тодорхой чиглэлийн бизнесийн компаниудынхаа үйл ажиллагааг аль болох өөр хооронд нь нэгтгэх, компанийн тухай хуулиар зохицуулна.

Б.Энхбаяр (УИХ-ын гишүүн): Хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь их төвөгтэй асуудал тул ямар ч байсан хэлэлцүүлэхээр оруулж ирж чадлаа. Эцсийн шийдвэрийг парламент гаргахаар болж байна. Төр компаниараа дамжуулж эдийн засгийн ямар харилцаанд оролцох, ямарт нь оролцохгүй байх ёстой вэ гэдэг томоохон шинэчлэл энэ хуультай хамт явагдана. Тиймээс ийм зарчим, үзэл баримтлалыг дэмжиж байна.
Н.Наранбаатар (УИХ-ын гишүүн): Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орж ажиллах саналтай байна. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагаа, төсөв, хяналттай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурь баримталдаг  учраас ийм саналтай байна.

 

             Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн ту анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.     

Сэтгэгдэл