“Улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон бие даасан хууль байхгүй”
2022-06-09

          Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталж, 2002, 2017 онд тус шинэчлэн найруулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, сахилгын хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг бий болгосон. Засгийн газраас 2019 онд 33 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг баталж, төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, хэвшүүлэх, зөрчсөн бол хариуцлага тооцох хууль зүйн боломж бүрдсэн. Төрийн албаны хуульд төрийн улс төрийн болон тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг холбогдох хууль тогтоомжоор тогтоохоор заасны дагуу тус тусын хууль тогтоомжид ёс зүйн асуудлыг тусган мөрдүүлж байна.

            Харин төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, гааль, зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг салбарын хууль тогтоомжоор зохицуулж байгаа хэдий ч ёс зүйн хэм хэмжээний төрөл харилцан адилгүй, албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх журам өөр өөр байдлаар хэрэгжиж байна. Төрийн тусгай албан тушаалтантай холбоотой ёс зүйн асуудлаар салбар тус бүртээ тодорхой ажлууд хийж байгаа боловч зөрчлийн тоо мэдээ улсын хэмжээнд бүрэн нэгтгэгдэж гардаггүй, үнэлэлт дүгнэлт, дүн шинжилгээ хийдэггүй, нэгдсэн бодлого зохицуулалт хангалтгүй байгаа аж.

            Төрийн улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг тогтоосон бие даасан хууль тогтоомж одоогоор байхгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Б.Жаргалмаа: Төрийн албанд томилогдож байгаа хүмүүст ёс зүйн ямар шалгуур тавьдаг вэ?  

Б.Баатарзориг: (Төрийн албаны зөвлөлийн дарга): Төрийн албан хаагчдын ёс зүйн алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэхэд хуулийн төслийг чиглүүлж боловсруулсан. Хуулийн төслийн 7 дугаар зүйлээр төрийн албан хаагчдын ёс зүйн нийтлэг хэм хэмжээг зохицуулна. Жишээлбэл, албан үүргээ эс гүйцэтгэвэл хариуцлага ногдуулахаар тусгасан. Төрийн албаны зөвлөлөөс хянахад 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 2524 хууль бус томилгоо хийсэн байсан. Нийт 326 хүн үүрэг гүйцэтгэгч байгаагаас 79 нь шаардлага хангаагүй учир анхааруулга аваад ажиллаж байгаа.   

С.Бямбацогт: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталснаар төрийн бүтээмж нэмэгдэх үү.

Б.Бат-Эрдэнэ: Төрийн хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны чанар хүртээмж, түргэн шуурхай үйлчилгээ, цаашилбал, төрийн алба сонгуулиас сонгуулийн хооронд данхайдаг байдлыг арилгахад энэ хуулийн төслийн хүрээнд бүрэн шийдэхгүй ч тодорхой үүрэг гүйцэтгэнэ.

Б.Баатарзориг: 2021 онд 419 ёс зүйн зөрчил гарсан. Харьцангуй буурч байна. Төрийн албан хаагчдынхаа ёс зүй, хариуцлага сахилга батыг сайжруулахад энэ хуулийн төсөл чиглэж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйд зарим ахиц дэвшлүүд гарч байна.

Н.Наранбаатар: Ёс зүйн хуультай болохыг дэмжиж байгаа ч хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай. Мөн иргэд төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагын талаарх гомдол, саналаа хаана, яаж гаргаж шийдвэрлүүлэх талаар хуульд тодорхой зохицуулалт тусгах хэрэгтэй.    

 

Сэтгэгдэл