УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ. Ерөнхий аудитор Д.Занданбат энэ талаар танилцуулав.
Аудитын дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг хүргэе.
- Өрийн удирдлагын тухай хуулийн 7.1.4-т “Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох” гэж заасан боловч УИХ-аас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, зорилттой уялдуулсан гадаад зээлийн талаар баримтлах бодлогыг батлаагүй байна.
- Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гадаад зээл, тусламжийг түлхүү ашиглаж байгаа нь өрийн ачааллыг нэмэгдүүлж буй тул санхүүжилтийн бусад эх үүсвэр ашиглах бодит шаардлага бий болсон
- Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаагүй 30 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3-т заасан шаардлага хэрэгжихгүй байна.
- Гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт илгээхэд төслийн баримт бичгийг ямар түвшинд боловсруулсан байх, ТЭЗҮ-ийг төслийн аль үе шатанд хийх, баримт бичгийн үнэлгээг хэрхэн хийх талаарх хуульд нийцсэн аргачлал байхгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлага хангасан, эсэх дүгнэлтийг Сангийн яам гаргадаггүй. Энэ нь төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
- Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын 4.2, 4.9, 4.10, 4.11-т заасныг мөрддөггүй.
- Зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ Сангийн яам бүрэн хэрэгжүүлдэггүйгээс нийт дотоодод дамжуулан зээлсэн зээлийн 47.0 хувь нь эргэн төлөгдөөгүй. Энэ нь улсын төсөвт ачаалал үүсгэж байна.
- Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.1-т заасныг үндэслэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар 2018-2019 онд хандивлагч орон, олон улсын байгууллагаас нийт 882.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авсан.
- 2020 онд дээрхээс 2.2 дахин их буюу 1,978.1 тэрбум төгрөгийн зээл авч ашигласан нь сүүлийн 3 жилд ашигласан нийт гадаад зээлийн 44.1 хувийг эзэлж байна.
- Гадаад зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа өнөө үед улсын төсвөөс зарцуулах нийгмийн халамжийн зардал өсөж, төсвийн үр ашиг урт болон дунд хугацаанд буурч байна.
- Гадаад тусламжаар хэрэгжүүлж байгаа 29 төслийг төсвийн багцад тусгаагүйгээс ашиглалтын дүнг бүртгэдэггүй, тайлагнадаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэггүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс төслийг давхар санхүүжүүлэх эрсдэлтэй байна.
- Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг Шилэн дансны тухай хуулийн 6.5.2-т заасны дагуу Сангийн яам мэдээлэх чиг үүрэгтэй боловч зээл, тусламжийн ашиглалтын мэдээллийг бүрэн байршуулаагүй. 2018-2020 оны байдлаар 3,024.8 тэрбум төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг мэдээлээгүй, иргэд, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоогүй.
- Төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилт, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, бодлого боловсруулах, шинэ зохицуулалтыг санаачлах, хэрэгжүүлэх зэрэг Сангийн яамны хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд зөвлөх авч, өндөр зардлаар гүйцэтгүүлснээр зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт зардал нь цалингийн зардлаас 1.5 дахин өндөр байгаагаас үзэхэд гадаад зээлийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үрэлгэн зарцуулж байна
Аудитын тайлантай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.
Ж.Батжаргал: Гадаадын зээл тусламжийн ашиглалт, түүний үр өгөөжийг сайжруулах, гэрээний эрх зүйг хангуулах асуудлыг онцгой авч үзэх цаг болсон. Аудитын байгууллагаар хийлгэсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил болгоход бид анхаарч ажиллах, эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулж, боловсронгүй болгох шаардлагатай.
Х.Булгантуяа: Гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнд хяналт тавих нь чухал. Холбогдох байнгын хороод чиг үүргийн хүрээнд харьяалагдах салбаруудад хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд хяналт тавьж, аудитын дүгнэлтийг сонсдог болох шаардлагатай. Цаашид үр дүн тааруу зээл, тусламжаас татгалзаж сурах нь зүйтэй. Үндэсний аудитын газраас энэ чиглэлийн зээл, тусламжийг авахгүй байхыг анхааруулсан тусгай зөвлөмжийг УИХ, Төсвийн байнгын хороонд хүргүүлэх хэрэгтэй.
Ж.Ганбат (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): Төрийн өмчит компаниуд 969.6 тэрбум, яамдуудад 887.6 тэрбум, Улаанбаатар хот болон нийслэлтэй холбоотой байгууллагуудад 486.6 тэрбум, орон нутгийн ЗДТГ, аймгууд 195.6 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.7 тэрбум, Төв банк 37.5 тэрбум, арилжааны банкууд дээр 14.8 тэрбум, орон нутгийн өмчит компаниуд 12.5 тэрбум, бусад 320 гээд нийтдээ 3.1 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Сангийн яамны зүгээс сүүлийн жилүүдэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад эрчимтэй ажиллаж байгаа. Сангийн сайдын тушаалаар баталсан дамжуулан зээл олгох журамд зээл авахын өмнө эргэн төлөх чадварт эрсдэлийн үнэлгээ хийгээд үүнийгээ Үндэсний аудитын газарт явуулж хянуулж, баталгаажуулдаг болсноор багагүй дэвшил гарсан.
Ч.Хүрэлбаатар: Тайлан мэдээллийг сонсоод өнгөрөх бус, энэ нь гадаадын зээл, тусламжийн эргэн төлөлт, хяналт, бүртгэлтэй холбоотой чухал асуудал тул Үндэсний аудитын газрын тайланг үндэслэн гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлнэ.