Шалгалт хийгээгүй Мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг ажлаас нь чөлөөлнө
2022-06-08

           Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож байгаа талаар мэдээлэв. Мөн хяналт шалгалт хийгээгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

           Сайд С.Амарсайхан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт, хэмжил зүйн газрын  холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө. Тэдэнд хариуцлага тооцно. Бүр цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх хүртэл арга хэмжээ авна. Хариуцлагын тогтолцоонд үндэслэсэн зохион байгуулалтыг хийнэ. Хаа, хаанаа хяналт суларсан учраас тогтолцооны гажуудал ч байна. Монгол Улсын хэмжээнд МХЕГ-ын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори үйл ажиллагаа явуулдаг. Мал эмнэлгийн ерөнхий газар болон  гаалийн байгууллагад ч лаборатори бий. Гэсэн ч  хүчин чадал муутай. Чадавх сул, зохион байгуулалт хангалтгүй, уялдаа холбоогүй ажилладаг учраас үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгохоор шийдлээ. Ингэснээр бие даасан хөндлөнгийн лабораторитой болно. Ямар нэгэн байгууллагын шууд нөлөө, удирдлага дор байлгахгүй” гэв.

          МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээллийн үеэр "Эмээлт дэх махны үйлдвэрийн жишээн дээр гэхэд дээжийг нь төрийн байгууллагын лабораторид шинжлээгүй. Хувийн "САМО" гэх лабораторийн төвд шинжилсэн. Тухайн лабораторийн тавьсан стандартын дагуу шинжлүүлээд, хариуг нь хүлээж байгаад иргэдэд мэдээлсэн.  Төрийнх гэвэл МХЕГ-ын дэргэд нэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд хоёр, Гаалийн ерөнхий газрын дэргэд тодорхой тооны лаборатори бий. Эдгээр лабораторийн хүчин чадал нь өөр. Тйимээс Засгийн газар онцгой анхаарч лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлье, үндэсний нэг том лабораторитой болох хэрэгтэй гэж байгаа юм. Хувийн лабораториуд зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явна. Хамгийн гол нь хувийнх ч бай, улсынх ч бай нэг мэдээллийн системтэй байх ёстой” хэмээв.  

          Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталлаа. Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа аж. Сүүлийн 5 жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж буй юм.

Малын 90 хувийг нядалгааны өмнөх болон дараах үзлэг шалгалтад хамруулалгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд уламжлалт аргаар төхөөрч хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, малаас хүнд халдварлах өвчний суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв.
Мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталснаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
Техникийн зохицуулалт нь хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд, ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах техникийн зохицуулалтын шаардлагууд, хүний нөөцийн чадавх, энэхүү харилцаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага, хяналт баталгаажуулалтын тогтолцоог хамаарч буй аж.
Сэтгэгдэл