Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийсний дараа хянан шалгагч томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тэрбээр “Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалсан. Үүнд төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, “Хөтөлийн цемент шохой” гээд хоорондоо хамаарал бүхий этгээдийн 495 төгрөгийн өр, хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Монголбанкнаас 2020 онд хийсэн шалгалтаар дээрх нийт чанаргүй зээл дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулах акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис бонд төлөгдөх цаглабартай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар 240 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна” гэв.
Хөгжлийн банкийг дампууруулахгүйгээр Засгийн газар үүргээ биелүүлнэ
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцжээ. Ингэхдээ Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан шийдлүүдийг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм. Тодруулбал, төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онд үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээлийг арилжааны зорилготой гаргасан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг нь түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоолуудыг гаргаж байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн. Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкийг дампууруулахгүйгээр үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" хэмээв.
40 зээлдэгч 243.7 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ
Дараа нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. 2022 оны нэгдүгээр сарын 20-наас хойш 40 зээлдэгч 243.7 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлжээ. Үүнээс 63.8 тэрбум төгрөг нь хэвийн, 92.7 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 54 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна. Харин 33.2 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгджээ.
Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөгтэй тэнцүү байна. Үүнээс хувийн хэвшлийн нийт зээл 1.7 их наяд төгрөг бөгөөд Монголбанкны актаар 702.4 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай. Мөн Хөтөл болон “Кю Эс Си”-ийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум төгрөг. Үүнээс 505.8 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай аж.
“Банкны зүгээс хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байгаа. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна. Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой”-г Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцуулгадаа онцоллоо.
Хянан шалгагч нь нотлох баримт цуглуулж, баримтыг шинжилнэ
Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж мөн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна” гэж заасан.
Тус түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч И.Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Л.Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй.