АН: Дийлэнх компанийг төр эзэмшиж буй учир улс хөгжихгүй байна
2022-06-06
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төлбөрийн чадваргүй иргэд өмгөөллийн үйлчилгээг ижил тэгш авдаг болгохоор заажээ. Одоогийн хуулиар зөвхөн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч энэ үйлчилгээг авч, гэмт хэргийн хохирогчид болох гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, хүүхдийн эсрэг гэмт хэргийн золиос, хүн наймаалах хэргийн хохирогч нар энэхүү үйлчилгээний гадна үлддэг байсан аж. Тиймээс хуулийн төслийн зарим заалтыг хүний эрхийг хангах талд улам сайжруулаад батлах нь зөв гэдэгт АН-ынхан санал нэгдэв.
Харин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өнгөц засвар төдий, реформын шинжтэй томоохон өөрчлөлт оруулаагүй, харин ч цаагуураа төрийн өмчит компаниудын тоог нэмэгдүүлэхээр хуулийн төсөл болжээ гэж дүгнэлээ. АН-ын бүлгийнхэн "Төр эдийн засагт зөвхөн зохицуулах үүрэгтэй оролцох ёстой атал хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийх учиргүй. Гэтэл Монгол Улсад "орж ирж" байгаа 100 ам.долларын 70-ыг нь ердөө хоёрхон бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлж байгаа бөгөөд тэр хоёр бүтээгдэхүүнийг олборлон борлуулагч компани нь төрийн мэдлийнх. Хөгжлийн банк, Төрийн банк нэмээд хөрөнгийн бирж нь бүхлээрээ төрийн мэдэлд байна. Хувийн хэвшлийн оролцоо эдийн засагт бараг байхгүйтэй ижил түвшинд очлоо. Үүнийг энэ хуулийн төслөөр нэг мөр шийдэх, стратегийн ордуудынхаа 10 хувийг Хөрөнгийн биржээр нээлттэй худалдах зэрэг ажлыг эхлүүлэх ёстой" гэж үзжээ.
Хурлын дараа хэлэлцсэн асуудлынхаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Сүүлийн үед төр давуу эрхтэйгээр ашиг болох бүх бизнес рүү орж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх болсон. Үүнээс болж хувийн хэвшил устах аюулд орлоо. 1990 оноос өмнө бүх үйлчилгээ төрийн мэдэлд байсан. Ардчилсан нам олонх болж байгаагүй, гэхдээ олуулаа байх үедээ эдийн засаг дахь төрийн оролцоог 20-30 хувь хүртэл бууруулж байв. Гэтэл одоо ухарч социализм, коммунизмын тогтолцоондоо аажмаар эргэн ирж байна. Энэ нь эдийн засгаа тэлэх боломжийг мухардалд орууллаа.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо багасаж, төсөв бүрдүүлэх орлогын 90 хувийг "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой" гэдэг хоёрхон компани бүрдүүлж байна. Маш бага хэсгийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа нь ДНБ нэмэгдэхгүй байх суурь шалтгаан болсон. Хоёр, гуравхан компани ашигтай ажиллаж бусад нь зөвхөн өр үйлдвэрлэж байгаа. Тиймээс яаралтай төрийн өмчийн компаниудыг хувьчлах ёстой.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх сэтгүүлчийн асуултад гишүүн С.Одонтуяа “Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг хүчтэй парламенттай байх ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Сонгуулийн холимог тогтолцоотой байх, гишүүдийн тоог нэмэх нь зөв. Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулна. Парламентад олон суудал авсан нам нь Ерөнхийлөгчөө сонгох давуу эрх эдэлж болохгүй. Иргэддээ сонголт өгөх ёстой" гэв.
Сэтгэгдэл