Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд СЗХ-нд бүртгүүлнэ
2021-11-18

             Сүүлийн үед койн, криптовалют, виртуал хөрөнгө гэх мэт олон нэр томъёо үүсэж, хүмүүс үүнийг ихээр сонирхох болсноор энэ чиглэлийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хамтарсан хуралдаанаар хийлээ. Мөн УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар уг төслийг хэлэлцэхээр товлосон.

                  Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) “виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэсэн нэр томьёог тодорхойлжээ. Энэхүү тодорхойлолтоор бол виртуал хөрөнгө гэдэгт тархмал бүртгэлийн технологид суурилсан криптовалютыг хамруулж буй аж. Өөрөөр хэлбэл дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой, төлбөр, тооцоо, мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий дижитал буюу биет бус хөрөнгийг виртуал хөрөнгө гэж үзсэн байна. Түүнчлэн хуулийн төслийн үзэл баримтлалд "Олон улсад хэрэглэж эхлээд байгаа энэхүү хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх, мөн үзүүлэгчдэд зөвшөөрөл олгох, хяналт тавих механизм, эрх зүйн орчин Монгол Улсад байхгүй. Виртуал хөрөнгө нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсноор цахим мөнгөний шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар энэ хөрөнгө, түүний үйлчилгээ, зөвшөөрөл олголттой холбоотой харилцааг зохицуулдаггүй" гэж бичжээ. Мөн "Монголбанкнаас бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй бөгөөд зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй. Блокчейн технологид суурилсан криптовалютыг Монгол Улсад бараа, үйлчилгээний төлбөрт одоогоор ашигладаггүй, харин иргэд арилжааны хэрэгсэл болгон олон улсад болон дотоодод ашиглаж байна. Цаашид энэ нь хүрээгээ тэлж хөрөнгө оруулалт, төлбөрийн нэг төрөл болон өргөжих боломжтой. Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Тодруулбал, зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Энэ нь дуудлага худалдаа, арилжааны, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж буй"-г тодотгожээ.

          Өнөөдрийн байдлаар Монголд нийт есөн төрлийн бирж буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа явуулж буй аж. Идэвхтэй арилжаанд найм, иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлээд хараахан арилжаагаа эхлүүлээгүй 10 койн байгааг дээрх хуралдааны үеэр хөндлөө. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэнэ. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй аж. Үүнийг Иргэний хуулиар зохицуулах юм байна.

 

Байнгын хорооны хуралдаанаар гишүүд ажлын хэсгийнхэнд асуулт тавьж, мөн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.

      С.Чинзориг: Манай улсад өнөөдрийг хүртэл хэчнээн койн гаргасан бэ. Хэчнээн хүн үүгээр үйлчлүүлж, хэр их мөнгийг төвлөрүүлсэн бол. Мөнгөний урсгалд нь хяналт тавьж чадаж байгаа юу. Хуулийг батлахаас өмнө гаргасан койнд ямар зохицуулалт үйлчлэх вэ?

      Н.Учрал: Энэ хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулна гэж ойлгох нь өрөөсгөл. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагыг тодорхой болгоно. Одоогоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй есөн бирж, санал болгож буй найм, иргэдээс хөрөнгө төвлөрүүлээд хараахан арилжаалж эхлээгүй 10 койн байна. Энэ хуулийг баталсны дараа найман журам гаргана. Тэгэхээр одоо үйлчилгээ үзүүлээд эхэлсэн этгээдүүд дөрвөн сарын дараа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. ФАТФ-аас виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг болгосон. Зөвшөөрөл өгөх, хориглох, бүртгэх гэсэн гурван нөхцөлийн аль нэгийг санал болгосон. Манайх энэ удаад бүртгэдэг хуультай болж байна.

      Ажлын хэсгийн гишүүн: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч биржүүд хооронд болон гадаадын зах зээлд явагдаж байгаа харилцаанд одоогоор хяналт тавих зохицуулалт байхгүй. Харин банк болон санхүүгийн байгууллага нь Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохих байгууллагад мэдээлдэг. С.Чинзориг: Иргэд виртуал хөрөнгөөс болж хохирохгүй гэх баталгаа алга.  

       Н. Хүдэрчулуун (Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга): Хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан. Үүнээс хойш хэд хэдэн койныг гаргасан учир тухайн үеэс өөр нөхцөл үүссэн. Есдүгээр сарын үеэр манай улсад хоёр биржээр дөрвөн койн арилжиж байсан бол одоо нэмэгдсэн. Хөөсрөлт үүсэж, шинээр койн гаргахаар 300 гаруй хүсэлт ирүүлж "халалт" бий болж эхэллээ. Койн бол өндөр эрсдэлтэй. М.Оюунчимэг: Виртуал хөрөнгийн зах зээл дэх мөнгөний эх үүсвэр, эздийг тодорхой болгоход чиглэсэн заалт байна уу. Н.Учрал: Эхний ээлжид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлагыг тодорхой болгосон. Үйлчилгээ үзүүлэгч бирж болон койн гаргагчийн хоорондын харилцааг нарийн зохицуулсан байгаа. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээллээ гаргах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, 20 саяас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн тохиолдолд санхүүгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад гаргана гэв.

Онцлох зохицуулалт

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргана. Хүсэлт гаргагч нь виртуал хөрөнгийн үйлчилгээнд ашиглах мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан, дөрвөн жилийн бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааг явуулах бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцтэй, хууль ёсны хөрөнгийн эх үүсвэртэй, татвар төлөгчөөр бүртгүүлсэн... зэрэг шаардлагыг хангасан байна.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах, харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл боломжоор тасралтгүй хангах, харилцагчийн мөнгөн болон виртуал хөрөнгийн дансыг тусад нь байршуулж, ажиллах... зэрэг үүрэгтэй.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компанийн болон үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл нийтэд нээлттэй ил тод байна.

-Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч тухайн үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон дижитал баримтыг хүлээн авсан, эсхүл уг баримтыг үүсгэсэн өдрөөс хойш холбогдох хуульд заасны дагуу 15, түүнээс доошгүй жил хадгална.

-Энэ хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдсөн өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ.

 

Бат.Уянга

Сэтгэгдэл