Хөгжлийн банкны асуудлаар тогтоол баталж, ХЭҮК-ыг бүрдүүлсэн долоо хоног
2022-06-05

            УИХ өнгөрсөн долоо хоногт нийт 46 хууль баталлаа. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийг баталснаар үүнийг дагалдуулан боловсруулсан гурван хууль удахгүй үйлчилж эхлэхээр болов. Озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлж буй нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэмжээг бууруулахын тулд уг хуулийг баталлаа. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэний үнэмлэх дээр ургийн овог, хаяг, регистрийн дугаар зэргийг бичихгүй, 12 оронтой тоо шивэх боломж бүрдэв. Ингэснээр дагалдуулан боловсруулсан 30 хуулийг баталлаа. Мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор өргөн барьсан уг хуульд ойн агентлаг байгуулахаар тусгасан. Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөн баталсан юм.

             Үүнээс гадна багагүй гишүүний эсэргүүцэлтэй тулгарсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Банкууд энэ сарын 30-наас өмнө IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болох ёстой ч эдийн засаг савлагаатай энэ үед олон эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул уг хугацааг сунгахаар тус хуульд тусгасан. АН-ын бүлгийнхэн, Г.Амартүвшин тэргүүтэй гишүүд банкууд яаралтай нээлттэй хувьцаат компани болж, салбараа шинэчлэх ёстойг хөндөж байв.

             УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүний өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хууль баталсны дараа ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэд “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол яллах,  нотлогдоогүй нөхцөлд цагаатгах шийдвэр гаргадаг. Харин манай улсын хувьд гурав дахь хувилбар буюу хэргийг мөрдөн байцаалтад нь буцаах шийдвэр гаргаж ирсэн. Үүний уршгаар маш олон хэргийг мөрдөн байцаалтад буцаах замаар замхруулах нөхцөл бүрджээ” хэмээв. Уг хуулийг баталснаар аливаа хэргийг шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаах боломжгүй боллоо.

“Концессын 60 гэрээний 60 хувийг нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан”

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай (“Тендерийн хууль”) хуулийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. “Тендерийн хууль”-ийн төсөлд хөгжлийн томоохон 20 төслийн гүйцэтгэгчийг тендер шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах, мөн санхүүжилтийнх нь 30-аас доош хувийг төрийн өмчит компаниас гаргах бол “Тендерийн хууль” огт хамаарахгүй байхаар тусгасан. Эдгээр зохицуулалттай МАН-ын бүлгийн зарим гишүүн санал нийлээгүй тул өөрчлөхөөр тогтсон. Үүний дагуу ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 7 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжлээ.

              Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангахаар зохицуулжээ. Уг төслийг хэлэлцэх үеэр концессын гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн талаарх асуудал хөндөгдсөн. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд концессын 60 гэрээ байгуулжээ. Үүний 60 хувийг нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсныг Сангийн яамны албан тушаалтнууд онцлов. Түүнчлэн “Засгийн газар концессын жагсаалтад багтаасан арга хэмжээнүүдийг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх үү, сонгон шалгаруулалт явуулах уу гэдгийг нь шийдээд баталчихдаг. Үүнийх нь дагуу гэрээ хийдэг. Гэхдээ шууд байгуулсан гэрээнүүдийн тухайд гэрээнд заасан нөхцөлөө хангаагүй гэж бид үзэж байгаа”-г Сангийн яамнаас тодотгосон юм.  

ХЭҮК бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

             Хуульд зааснаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) зургаан гишүүнтэй. Мөн тус комиссын дэргэд эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүн ажиллах ёстой. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш комисс таван гишүүнтэйгээр ажиллаж ирсэн. Тэгвэл үлдсэн нэг гишүүнээр нь С.Дондовыг өнгөрсөн баасан гарагт УИХ-аас томиллоо. Түүнчлэн эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнээр Я.Цэлмэнг томилсноор тус комисс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэв. Шинэ гишүүд удахгүй тангаргаа өргөх бөгөөд комиссын даргыг УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийнх нь дотроос санал болгож, УИХ-аас томилно.

            Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн албан тушаалыг манай улс анх удаа бий болгож, өнгөрсөн баасан гарагт орон тоонд нь томилгоо хийв. Өмнө нь мөрдөн байцаагч, ДХИС-ийн багшаар ажиллаж байсан, 40 орчим настай Я.Цэлмэнг тус албан тушаалд томилохдоо УИХ-ын гишүүд “Эрч хүчтэй, шударга, хэнээс ч айхгүйгээр оногдсон ажлаа хийж, эрүү шүүлтийн эсрэг чин үнэнчээр зүтгэх”-ийг захиж байв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн албан тушаалтан нь доороо нэгжтэй ажиллах бөгөөд ямар ч газар саадгүй нэвтэрч эрүүдэн шүүлт байгаа, эсэхийг хянах бүрэн эрхтэй.

Хөгжлийн банкны асуудлаарх ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулна

            Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо мягмар гарагт хуралдаж, Нотлох баримт гаргуулах тухай тогтоол баталлаа. Тогтоолын төсөлд  Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт явуулахад ач холбогдол бүхий баримтуудыг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Улсын ерөнхий прокурорын газар, АТГ, ШШГЕГ, ҮАГ, УБЕГ, ТЕГ-аас хуульд заасан журмын дагуу авахаар тусгажээ. Одоогоор Хөгжлийн банкны 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлээр эргэн төлсөн байна.  

            Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны асуудлаар тус түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн гэж АН-ын бүлэг үзсэн. Тиймээс түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аас тавдугаар сарын 27-нд баталсан. Энэ үеэр түр хороо шинэ бүрэлдэхүүнээрээ эхнээсээ хуралдаж, даргаа дахин томилох ёстой гэж гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлсэн удаатай.  

Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртжээ

               УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанд Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Манай улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөнийг 2020 онд тогтоожээ. Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийг зохицуулалтгүйгээр хэт их ашигласнаар талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь үүнд нөлөөлжээ. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг нь газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

            Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт зориулж ирснийг салбарын сайд онцолсон. УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэлтэй холбогдуулан дүгнэлтээ танилцуулав. Үүнд 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай” Монгол Улсын хууль, 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хуулиудын биелэлт хангалтгүй, хөтөлбөрийн үндсэн зорилтууд ажил хэрэг болоогүйг онцолж байлаа. 

 

 

 

 

Сэтгэгдэл