Зургаан хуулиар орон тоо нэмэгдэж, төсвийн хэмнэлт цалгардах уу?
2022-06-03

              Нэг сарын өмнө Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Ингэснээр дэд, орлогч дарга нарын тоог 80-аар бууруулж, 1.3 тэрбум төгрөг хэмнэв. Түүгээр ч зогсохгүй төрийн байгууллагуудын орон тоо, цалингийн хяналтыг боловсронгуй болгож, бүх шатанд төсвөө хэмнэхээр болсныг иргэд мартаагүй. Гэвч нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй агаар нэг зүйл болох нь. Нэг талд нь орон тоо бууруулсан ч нөгөө хэсэгт шинээр бүтэц байгуулаад байвал хэмнэх бус, хэвээрээ л үлдэнэ. Учир юу гэвэл УИХ-аар өнөөдөр баталсан болон өдгөө хэлэлцэж байгаа, удахгүй хэлэлцэх зургаан хуулийн төсөл тус бүрт шинээр бүтэц бий болгохоор заажээ. Үүнийг нэг бүрээр нь доор тайлбарлъя.

Төрийн албаны зөвлөлийн дэргэд Ёс зүйн хороо байгуулна   

               Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар өргөн барьсан. Уг төслийн 10.1-т “Төрийн албан хаагчийн ёс зүйг сахин мөрдүүлэх, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулиар харьяалуулсан ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна” гэж заажээ. Мөн Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, тавигдах шаардлага, томилох журмыг УИХ батлах аж.

         Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг шийдэх бүтэц манайд багадаагүй, харин ч хангалттай байгаа. Тодруулбал, төрийн 1194 байгууллагад Ёс зүйн зөвлөл ажилладаг. Эдгээр нь тухайн байгууллагынхаа албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хянадаг. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдлыг Засгийн газрын 11-11 төв бүх боломжит сувгаар хүлээн авч, хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэдэг. Түүнчлэн төрийн албан хаагчтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хууль, хяналтынхан шалгадаг. Төрийн албаны зөвлөл гэх таван гишүүнтэй, таван газар, нэг нэгжтэй хараат бус байгууллага нь албан хаагчgас санал хүсэлт хүлээн авдаг, аливаа хууль бус томилгоо хийсэн, эсэхийг хянадаг. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ч тэр иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэдэг, нэгтгэн дүгнэдэг.  

             Эдгээр бүтэц нь сайн ажиллаж байгаа, эсэхийг дүгнэж, бүтэц, зохион байгуулалтыг нь оновчтой болгох нь чухал. Гэтэл хэмнэнэ гэчихээд юу юугүй орон тоо нэмэх нь хэр оновчтой бол. Тэглээ ч шинээр хороо байгуулбал сайн ажиллана гэсэн баталгаа байхгүй. Ташрамд дурдахад, эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт төрийн албыг цомхон чадварлаг болгох зорилт “дурайж” буйг тодотгоё.

Ойн асуудал эрхэлсэн агентлагтай болох нь

             Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнөөдөр баталлаа. Ингэснээр ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулахаар болов. Мөн манай улсын газар нутгийн бүсүүдэд ойн аж ахуйг дарга, ажилтнуудтайгаар байгуулах аж.

       Засгийн газрын агентлагийн тоо 37-д хүрчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг саяхан төсвийн тодотголоор байгуулахаар болсон нь үүнд багтаагүй. Тэгвэл Ойн газрыг удахгүй байгуулбал агентлагуудын тоо үндсэндээ 40 бараг шүргэх нь. Агентлагийн тоо нэмэгдлээ гээд сайн ажилладгүйн тод жишээ бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар. Тус газар нь эмийн үнэд хяналт тавих чиг үүрэгтэй ч цар тахлын үед “Ковид-19”-ийн эсрэг хэрэглэдэг эмийн үнэ хэрхэн өссөнийг иргэд мэднэ. Чанаргүй, бүртгэлгүй эмийн асуудал “аюулын харанга дэлдлээ” гээд л УИХ-аас саяхан үүнтэй холбоотой хянан шалгах хороо байгуулав. Үндсэндээ тус агентлагийн хийхгүй байгаа ажлыг гүйцэтгэх бололтой. Нэмж хэлэхэд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын орон тоо бүрдэхгүй байгааг УИХ-ын гишүүдэд танилцуулна лээ.

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулахыг үүрэг болгожээ

           Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ өчигдөр дэмжлээ. Уг төслийн 12 дугаар зүйлд зааснаар бол Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулах аж. Ингэхдээ “Засгийн газрын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулна” гэж заажээ. Харин төслийн 12.3-т зааснаар бол тус төв нь аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар байгуулж, дүрмийг нь батлах юм байна.

           Уг хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг мөн дагалдуулан боловсруулсан байна. Үүнд төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог  баталж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг 2022 оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болгожээ.

Есөөс доошгүй гишүүнтэй Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн хороотой болно

          Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийсэн.  Уг төсөлд “Хөрөнгийн үнэлгээний талаарх бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргахдаа төрийн болон мэргэжлийн байгууллага, үнэлгээний хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан уялдаатай байлгах зорилгоор мэргэжлийн хороог Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулан ажиллуулах”-аар тусгажээ.

         Үнэлгээний мэргэжлийн хороо нь есөөс доошгүй гишүүнтэй байх бөгөөд үйл ажиллагааг нь хэрхэн санхүүжүүлэхийг Сангийн сайд шийдэх юм байна. Мөн үнэлгээний олон улсын стандартын албан орчуулгыг хянан, хэрэглээний тайлбар, зөвлөмж болон үндэсний стандартыг батлах, үнэлгээний эрх олгох, мэргэшүүлэх, тасралтгүй сургалтын хөтөлбөрийг хянах, батлах зэрэг дөрвөн чиг үүрэгтэй ажиллах нь.

Орон тооны бус ч Ажлын албыг нь төсвөөс санхүүжүүлдгийг санах хэрэгтэй

           Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг үгүй хийх, авлигыг бууруулах зорилготой Зөвшөөрлийн тухай нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийж байгаа. Тэгвэл уг төсөлд орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар заажээ. Тодруулбал, “Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана” гэж бичсэн байна

           Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий сайд тэргүүлэх гэнэ. Ерөнхий сайдын дэргэд бараг салбар бүрийн асуудал хариуцсан зөвлөл байгуулсан байдаг. Тэдгээр нь төсвөөс санхүүждэг Ажлын албатай байдаг нь нууц биш.  

Донорын чиглэлээр Ёс зүйн хороо ажиллуулах нь  

           УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьснаар анхны хэлэлцүүлэгт шилжээд байна. Донор болох боломжтой хүний насыг 25 гэж заасныг 21 болгон багасгаж, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулахаар тусгасныг нь зарим гишүүн сайшааж буй. Уг төсөлд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллуулахаар заажээ. Хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллах бөгөөд тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тусгасан байна.

 

            Энэ мэтээр хуулийн төсөл боловсруулах бүртээ шинээр бүтэц байгуулж, орон тоо нэмээд байвал манай “данхар” төр хэзээ ч цомхон болохгүй. Төрийн албан хаагчийн тоо 205 мянгад хүрсэн. Үүнд төрийн өмчит компаниудын ажилтнуудын тоо багтаагүй. Төрийн өмчит компани, хуулийн этгээдүүдэд 55 мянга гаруй хүн ажилладаг гэсэн мэдээлэл бий.

 

 

 

Сэтгэгдэл