ХЭҮК-ын даргыг УИХ-ын дарга Г.Занданшатар санал болгоно
2022-06-03

              Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) нь хараат бус, бие даасан байгууллага. Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэгтэй ажилладаг. ХЭҮК-ын тухай шинэчилсэн хуулийг 2020 оноос мөрдөж эхэлсэн. Ингэснээр тус комиссыг таван гишүүнтэй болгон өргөтгөж, тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд томилохоор зохицуулсан юм. Тодруулбал, тус комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нарыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-ын гишүүдийн олонхын саналаар 2020 оны арваннэгдүгээр сард томилсон нь судлаач, олон нийтийн дунд шударга, нээлттэй, ил тод томилгооны сайн жишээ боллоо гэж үзэж байв.  

            Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулж, ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь тус комиссын гишүүнийг нэгээр нэмж, зургаа болгох зохицуулалт байлаа. Тиймээс тус орон тоонд мөн л нээлттэй сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр нэр дэвшигч С.Дондовыг УИХ-аас өчигдөр томилов.

          Манай улс эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бүрдүүлэх үүргийг олон улсын гэрээгээр хүлээсэн. Үүний дагуу ХЭҮК-ын дэргэд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнийг хараат бусаар ажиллуулах заалтыг ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байдаг. Түүнээс хойш буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус орон тоонд сонгон шалгаруулалт зарласан ч хүмүүс нэрээ дэвшүүлэхгүй, эсвэл оролцсон нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байсаар томилгоо хийж чадаагүй. Харин өнгөрсөн нэгдүгээр сард зарласан сонгон шалгаруулалтын дүнд С.Цэлмэнийг ажлын хэсгээс тодруулж, УИХ-аас өчигдөр томиллоо.

          Ингэснээр ХЭҮК бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл өнөөдөр бүрдэв. Гишүүд нь бүрдэхгүй шалтгаанаар комиссын даргыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд томилоогүй бөгөөд гишүүн Ж.Хунан түр орлон гүйцэтгэгчээр нь ажиллаж байв.

         ХЭҮК-ын тухай хуулийн 13.4-т “Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын дарга комиссын даргыг санал болгож, томилуулах аж.

 

 

Хуулийн заалтаас

ХЭҮК дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

7.1.1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;

7.1.2.хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;

7.1.3.хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;

7.1.4.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;

7.1.5.хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;

7.1.6.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

7.1.7.хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

7.1.8.шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

7.1.9.жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.10.хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.11.төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;

7.1.12.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх.

 

Хуулийн заалтаас

33.1.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

33.1.1.аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх;

33.1.2.олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах;

33.1.3.эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажлыг эрхлэн явуулах, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг оролцуулах;

33.1.4.хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах.

 

Сэтгэгдэл