УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын болон комиссын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох, эсэхийг хэлэлцлээ. ХЭҮК-ын гишүүнд С.Дондов, тус комиссын дэргэд ажиллах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд Я.Цэлмэн нэрээ дэвшүүлсэн. Нууцаар санал хураалт явуулснаар гишүүдийн олонх тэднийг томилохыг дэмжлээ.
Томилгоог хэлэлцэж байх үед УИХ-ын хоёр гишүүн байр сууриа илэрхийлсэн.
Б.Энхбаяр: ХЭҮК-ын тухай хуулийг хоёр жилийн шинэчлэн батлахдаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ХЭҮК-ын дэргэд гишүүнийг ажиллуулахаар болсон. Цоо шинээр гаргаж ирсэн албан тушаал. Хоёр жилийн дараа нэр дэвшигчийг томилохоор боллоо. Энэ хугацаанд сонгон шалгаруулалт зарласан ч хүн оролцдоггүй, нэрээ дэвшүүлсэн ч шаардлага хангахгүй шалтгаанаар хойшилж ирсэн. Манай улс эрүүдэн шүүхийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай болсон. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагаа явуулсан дүрс бичлэг ил болсон. Үүнтэй холбоотой хуулийн байгууллагыг толгойлж байсан хүмүүсийг ялаар шийтгэсэн. Би бол хувьдаа энэ албан тушаалд цагдаа хүнийг томилж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Яагаад гэвэл цагдааг хянах учраас. Хамгийн их эрүүдэн шүүсэн тухай гомдлууд цагдаа дээр байгаа тухай асуудал хөндөгддөг. Нэр дэвшигч нь ДХИС-д олон жил эрдмийн ажил хийсэн байна. Мөн практикт ажилласан, залуу хүн байна. Та УИХ буюу Монгол Улсын төрийн эрх барих хамгийн дээд байгууллагаас томилогдож байгаа хүн. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад эрүүдэн шүүлтийг хийж байна уу гэдгийг хянах гэж очиж байгаа. Та хамгийн том буюу генералаас нь эхлээд хянах гэж байгаа шүү. Үүнд цол үйлчлэхгүй. Та одоо бол цолтой. Албан тушаалд томилогдлоо бол цол тань үйлчлэхгүй. Таниас илүү цолтой, багш чинь байсан хүн танд тушаал өгөх ёсгүй. Тиймээс мандатаа сайн ойлгож, ТЕГ, АТГ, ЦЕГ-ын бяралхдаг этгээдүүдэд хяналт тавих гэж байгаа учраас зоригтой байгаарай. Та аль нэг байгууллагын төлөөлөл биш. Энэ албан тушаалд дээрх байгууллагаас төлөөллөө тавих гэж өрсөлдсөн шүү.
Ш.Адьшаа: ХЭҮК бол Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой заалтыг биелүүлэх ёстой байгууллага. Ажлын байрны хүчирхийллийн асуудал өнөөдөр хүний эрхийн зөрчлийн хамгийн тод жишээ. Энэ асуудлаар надад ирүүлсэн өргөдөл, гомдлыг ХЭҮК-т шилжүүлсэн ч шалгаж шийдвэрлэхгүй байгаа. ХЭҮК шударга байгаасай гэж боддог. Гэтэл энэ түвшинд ажлаа хийж чадахгүй байна. Томилогдож байгаа хүмүүс сайн ажиллаасай. Цагдаагийн мөрдөн байцаагч байсан сэтгэхүйгээсээ салаарай гэж хэлье. Хэргийг мөрдөн байцаах явцад хүний эрхийг ихээр зөрчдөг явдал олон. Монгол төрийн өмнөөс эрүүдэн шүүлтийн асуудлыг шийдвэрлэх гэж байгаа учраас хариуцлагатай ажиллаарай.