Чуулганы хуралдааныг тасалсан гишүүдэд анхааруулга өгсөн гэв
2021-11-10

          УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Гишүүд сонгогдсоныхоо дараа “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөсөн. Уг тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилгоор УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах гэж буй аж. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдэд уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Гишүүний бүрэн эрх, ашиг сонирхлын зөрчил, төсөв зарцуулалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг, албан томилолт, шагнал, бэлэг дурсгал, сонгуулийн сурталчилгаатай холбоотой ёс зүйн шаардлагуудыг биелүүлэх үүргийг гишүүд хүлээнэ” гэдгийг онцолж байв.

Дүрмийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд олон нийтэд ил тод үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор хэлсэн үг, хийсэн алдаа нь ч ил байдаг. Тиймээс гишүүд хууль зөрчихгүй, ёс зүйн алдаа гаргахгүй байхад анхаарч ажилладаг. Харин төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан хаагчдын ёс зүйн асуудал хурцаар тавигдаж байна. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагатай холбоотой хуулийн төслүүдийг хэзээ өргөн барих вэ?

Б.Бат-Эрдэнэ:  Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр байнгын хороо тодорхой ажлуудыг хийж байгаа. Үүнтэй холбоотой хуулийг ч яаралтай батлахад гишүүд анхаарах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлах шаардлагатай. Мөн Хүмүүнлэг боловсрол олгох тухай хуулийг ч батлах нь зүйтэй.  

Б.Баярсайхан: УИХ-ын гишүүний, мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар сайжирна гэж харж байна. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо АТГ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газартай хамтран ажилладаг учир цаашид холбогдох үр дүнтэй ажлуудыг хиймээр байна. Төрийн албан хаагчдыг сахилга хариуцлагатай болгох чиглэлээр хурал, уулзалтууд зохион байгуулсан ч ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь эргэлзээтэй. Төсвийн гүйцэтгэлд аудит хийж, зөвлөмжүүд гаргадаг ч холбогдох албаныханд нь хариуцлага тооцох механизм алга. Түүнчлэн олон орон тоотой төрийн байгууллагад Ёс зүйн хороо ажиллуулж, төрийн үйлчилгээг сайжруулна гэдэг ч ажил хэрэг болоогүй байна. Мөн сайд, дарга нар баг бүрдүүлэх нэрийн дор төрийн албанд ёс зүйгүй хүмүүсийг ажиллуулдаг нь тухайн салбарыг “үймүүлэх” гол шалтгаан болдог. Төрийн албаны зөвлөл ч хараат бус байдлаа алдчихсан. Энэ бүхнийг цэгцлэхгүйгээр төрийн албыг ёс зүйтэй болгож чадахгүй.

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулснаар тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Жишээ нь, өмнөх парламентын үед УИХ-ын чуулганы хуралдаан 54 минутаар хоцорч эхэлдэг байсан бол энэ тоо долоон минут болж буурсан. Цаашид хуралдааныг яг цагт нь эхлүүлэх хэрэгтэй. Бүрэн ирцтэй гишүүдэд талархал илэрхийлж, хуралдаанаас хоцорсон, мөн тасалсан хүмүүст анхааруулга өгсөн. Ёс зүйн, сахилгын, захиргааны, улс төрийн, эрүүгийн хариуцлагын зааг ялгааг сайтар тодорхойлохгүй бол УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо бүх төрлийн хариуцлагыг гишүүдэд хүлээлгэдэг гэх ойлголтыг нийгэмд түгээж байна. Сануулна, олон нийтээс уучлал гуйхыг үүрэг болгоно, гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинж чанартай байвал хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн байгууллагаас шалгаж байгаа асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч хэлэлцэхгүй.      

 

Дүрмийн төслийн онцлох заалтууд

  • Гишүүн нь үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны бодлого, эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл тараахыг хориглоно.
  • Гишүүн нь төрийн байгууллагын албан хаагчаар албаны чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхээр удирдамж, заавар, чиглэл өгөх, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас хандив, мөнгөн хөрөнгө, шан харамж  гаргуулахыг хориглоно.
  • Гишүүн нь гишүүний бүрэн эрхэд харшилсан санхүү, худалдааны болон бусад ижил төстэй хэлэлцээрт оролцохыг хориглоно.
  • Гишүүн нь ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй албан ажлын хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ашиг сонирхлын нөлөөнд автах, эдийн засгийн хараат байдалд орохыг хориглоно.
  • Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх  явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийхийг хориглоно.
  • Гишүүн гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байж, дипломат ёсыг чанд баримтлах үүрэгтэй.
  • Гишүүн нь Улсын Их Хурлын гишүүнд сонгогдохоосоо өмнө оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлнэ. Энэ нь нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээдэд нэгэн адил хамаарна.

 

Сэтгүүлч: Бат.Уянга

 

Сэтгэгдэл