УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Дараа нь уг төсөлд ямар зохицуулалт тусгасан талаараа мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гэр бүлийн тухай хуулийг анх 1973 онд баталж, 1999 онд шинэчилсэн. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд долоон удаа өөрчлөлт оруулсан ч энэ нь бусад салбарын хуулийг дагалдуулж хийсэн жижиг, сажиг зүйл, заалт байсан. Гэр бүл салснаас болж хүүхэд хамгийн их хохирдог. Жилд 3391 гэр бүл салж, 16 мянган өрх гэрлэлтээ бүртгүүлдэг. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын статистик он тус бүрт нэг хувиар өсөж байна. 3391 гэр бүл дунджаар хоёр хүүхэдтэй гэж үзвэл жилд 7000 шахам хүүхдэд асуудал үүсдэг гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болон түүнийг төлөхтэй холбоотой асуудалд бид түлхүү анхаарсан. Одоогоор 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож тэтгэлэг олгох зохицуулалттай. 11-ээс дээш настай, суралцаж байгаа хүүхдэд амьдралын баталгаажих түвшнээс доогуур хэмжээний тэтгэмж тогтоодог. 11 нас хүрээгүй хүүхдэд сард 115 мянган төгрөгөөр тэтгэмж олгохоор шийдвэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ мөнгөөр хүүхдийг бүтэн сарын турш хооллож, эрүүл мэнд, боловсролын зардлыг нь санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс тэтгэлгийн хэмжээг тухайн эцэг, эхийн орлоготой нь уялдуулж тогтоохоор төсөл боловсруулсан” гэв.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар тухайн хүний орлогынх нь 50-иас доошгүй хувиар тооцож, тэтгэлэг тогтоох заалтыг төсөлд тусгажээ. Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд эмчлүүлэх зардлыг нь шинжээчдийн багийн дүгнэлтийн дагуу эцэг, эх нь хамтран төлөхөөр зохицуулсан байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад тэтгэмж олгох ёстой хүмүүсийн 20 хувь нь л үүнийгээ төлдөг аж. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэмжийг төлөөгүй, хуримтлагдсан байна. Тиймээс тэтгэлгийг эцэг, эхийнх нь данснаас шууд суутгаж авах заалтыг төсөлд оруулжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гурван парламентын турш хэлэлцээгүйг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хөндөөд, намрын чуулганд багтаан дээрх хуулийг батлуулах шаардлагатайг онцлов.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ихэнх улс гэр бүлийн салалтын тухайд хууль, эрх зүйн орчныг нь маш сайн бүрдүүлсэн байдаг. Амралтын өдрүүдэд заавалтай хүүхэдтэй уулзаж, цагийг хамт өнгөрөөнө, тэтгэлгийг нь хугацаанд төлүүлнө, хүүхэд нь өвдвөл эмчилгээний зардлыг нь гаргуулна гээд маш нарийн зохицуулсан. Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон 80 мянга гаруй эх байна. Энэ хуулийг чангатгаснаар нэгдүгээрт, хүүхдийн эрх ашгийг хамгаалж, тэтгэлгийг нь олгуулах, хоёрдугаарт, цаашид Монголын гэр бүл хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлнэ. Хүмүүс гэрлэхээсээ өмнө хариуцлагаа ухамсарлах ёстой” хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Төрсөн үрдээ тэтгэлэг өгөхөөс “луу унжиж” байгаа аав олон байгаа учраас энэ хуулийг санаачлахаас өөр арга олдсонгүй. ШШГЕГ-аас өгсөн сүүлийн мэдээллээр 13 мянга гаруй эцэг хүүхдэдээ тэтгэлэг өгөх ёстойгоос 4050 нь л үүнийгээ биелүүлдэг. Эмэгтэйчүүдийг банкууд найдваргүй зээлдэгч гэж үздэг нь тэдний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүйтэй холбоотой. Гэтэл зээлээ хугацаанд нь төлсөн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй хүн байна. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хуулийн төслийг удахгүй өргөн барина” гэсэн юм.