Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн 200 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ
2022-05-31

               Засгийн газар өнөөдөр хуралдаж, 2-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын төсөв тодотгож, цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд 200 орчим тэрбум төгрөг төлөвлөсөн. Уг санхүүжилтийг ямар арга хэмжээнд зарцуулах талаар Боловсрол, шинжлэх ухаан (БШУ)-ы сайд Л.Энх-Амгалан хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

                 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх насны 305 мянган хүүхэд байгаагаас 237 мянга буюу 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж буй аж. Улсын хэмжээнд 68 557 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд бий гэнэ. Үүнээс нийслэлийн 637 цэцэрлэг (төрийн өмчийн 276, хувийн 398)-т 104 мянган хүүхэд хүлээн авах боломжтой. Тэгэхээр 34 485 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй буюу сугалаанд оролцох тооцоо гарчээ. Үүнээс 24 мянга нь хоёр настай. 4-5 настайчуудын 90 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Харин сугалааг 2-3 настай хүүхдүүдийн дунд явуулдаг учраас тэдний асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр болжээ. Үүнд

  • Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар энэ жилд 20 цэцэрлэг ашиглалтад оруулна. Үүнд 3000 хүүхэд хүлээн авна.
  • Төвлөрөл ихтэй 26 байршилд цэцэрлэг түрээсэлнэ. Мөн тодорхой орон сууцуудын нэгдүгээр давхарын байрыг төр худалдаж авна.  
  • Шинэ технологи бүхий гэр цэцэрлэгүүдийг ашиглана.
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ.
  • Хамран сургах тойргийг шинээр төлөвлөнө. Хамран сургах тойрогт байгаа төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдийн багтаамжийг төлөвлөнө. Хувийн цэцэрлэг багтаамжийнхаа 70-80 хувьд нь тухайн хамран сургах тойргийнхоо хүүхдийг суралцуулах зохицуулалт хийнэ.
  • Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, мөн хоолны мөнгө олгоно.  
Сэтгэгдэл