УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэ, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хугацаанд хуралдах ёстой. Хуулийн хугацаагаар УИХ долдугаар сарын 8-н хүртэл хуралдах төлөвтэй байна. Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр Эрүүгийн тухай, Эрүүгийн тухай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах нь зөв үзсэн. Мөн Улсын баяр наадмын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцээд, зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай.
Төрийн албаны тухай хуулийн гурван төсөл байна. Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хуулийг мөн хаврын чуулганаар батална. Эдийн засгийн байнгын хороон дээр хэд хэдэн хуулийн төсөл бий. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Далай ашиглах тухай, УИХ-ын 2 тогтоолын төсөл бий.
Үйлдвэржилтийн байнгын хороон дээр Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв.
Мөн Засгийн газраас хэдэн хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай гэж үзэж байгаа. Тодруулбал, Эдийн засгийн шинэчлэлийн хүрээний хуулийн төслүүд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж ажиллах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, дэмжлээ.