Үндсэн хуулиа ойр ойрхон өөрчлөх ёсгүйг депутатууд сануулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн долоо хоногт “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр хоёр ч хэлэлцүүлэг хийлээ. Эхнийхийг нь хуульч, судлаач нарын, дараагийн хэлэлцүүлгийг Үндсэн хууль батлалцсан депутатуудын үг, байр суурийг сонсохоор зохион байгуулав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, эсэхийг тэднээс сонсох зорилготой уг хэлэлцүүлгийн дүнд гаргасан, судлаачид, хуульчид, депутатуудын санал, дүгнэлтийг нэгтгэж, УИХ-д танилцуулснаар цаашдын чиг тодорхой болох аж. Ардын Их Хурлын 22 депутат санал хэлсний дийлэнх нь Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулах ёсгүй, бүх ард түмний зөвшилцлийн баримт бичгийг дур мэдэн, яаран “оролдох” шаардлагагүй, сонгуулийн тогтолцоог солих хэрэгцээ бий бол Үндсэн хуульд “гар хүрэлгүйгээр” сонгуулийн тухай хуулиа шинэчлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байв. Харин судлаач, хуульчид, улс төрийн намуудын төлөөллийн олонх нь сайн судалгаа, бэлтгэл ажил, өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгийн дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгддэгээ илэрхийлсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 100 мянган хүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-д хүргүүлснээр уг цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Гэхдээ үүнээс ч өмнө буюу гишүүн Т.Доржханд, Ш.Адъшаа нар “давхар дээл”-ний асуудлаар өнгөрсөн оны сүүлчээр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа зарласан. Цэц уг асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанаа товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулснаар ямар нэг шийдгүй өдий хүрлээ. Судлаачид Цэцийн хуралдаантай холбогдуулан тухайн үед Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх дээр өөр өөр байр суурь илэрхийлж байв.
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн таслах, хоцрох нь нэмэгдэх хандлагатай байна
УИХ-ын гишүүдийн гурав, дөрөвдүгээр сарын ирцийн мэдээлллийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга танилцуулав. Тэрбээр “Шинээр баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг гуравдугаар сарын 14-нөөс мөрдөж эхэлсэн. Энэхүү дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр заасан. Сануулах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох зэргээр хариуцлага тооцно. Хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдэд анхааруулга, огт таслаагүй хоцроогүйд нь талархал хүргүүлээд байна” гэсэн.
Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан бол найм нь хуралдаанаас хоцорч, 62 нь огт таслаагүй аж. Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 нь огт таслаагүй байна. Мөн тус сард 16 гишүүн огт тасалж, хоцроогүйг дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Гурав, дөрөвдүгээр сарын чуулганы нэгдсэн хуралдаанаас хоцорсон, тасалсан гишүүдийн үзүүлэлт:
Гурав, дөрөвдүгээр сарын чуулганы нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй гишүүдийн нэрс
Намрын чуулган болон хаврын чуулганы хоёрдугаар сарын ирцтэй харьцуулахад өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүд таслах, хоцрох явдал нэмэгдэх хандлагатай байжээ. УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдийн төлөөлөл болдгийнхоо хувьд улсын бодлого тодорхойлох, хууль батлах үйл явцад идэвхтэй оролцож, чуулганы хуралдааныг таслахгүй байх нь зүйд нийцнэ. Гэтэл хуралдааныг таслах, хоцрох явдал нэмэгдэх хандлагатай буюу тэд “муу дүн” тавиулж байгаа нь иргэдийн итгэлийг алдах эрсдэлтэй.
Гишүүдийн ирцтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгнийхээ эсрэг үйлдэл гаргасан нь
УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаад валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байгаа тул АХБ-ны Монгол Улсад 2022-2023 онд үзүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх нь бидэнд нэн чухал” гэдгийг УИХ-ын дарга хэлсэн.
Захирал Павит Рамачандран “Энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж, 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа”-гаа онцлов.
Цар тахал, Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын экспортлох нүүрсний хэмжээ төлөвлөсөндөө хүрэхгүй, улмаар төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын ханшийн сулрал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц, ажилгүйдэл зэрэг нь эдийн засгийг тэлэх бус, улам агшаах эрсдэлтэй тул дарга Г.Занданшатар АХБ-ны төлөөлөгчтэй уулзаж, ийнхүү байр сууриа илэрхийлсэн нь мэдээж.
Уг нь дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өрийг өрөөр, бондыг бондоор төлөхгүй байх буюу гадаад өрийг нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулсан. Түүний хэлсэн үг ч цахим сүлжээнд тархаж, ихээхэн “оноо авсан”. Гэтэл тэрбээр төсвийн дэмжлэг үзүүлэх буюу хөнгөлөлттэй зээл авах саналыг дээрх уулзалтын үеэр илэрхийлсэн нь хэлсэн үгнийх нь эсрэг үйлдэл болов.
Удаан хүлээлгэсэн хуулийн төслийг өргөн барилаа
Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, хандлагыг нь сайжруулах зорилт эрх баригч намын мөрийн хөтөлбөрт зурайгаастай байгаа. Уг нь манай улс Төрийн албаны тухай хуультай ч үүнийг сайтар хэрэгжүүлдэггүй, “Ковид”-ын хуулиар зарим заалтыг нь түдгэлзүүлж, төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр 1000 гаруй томилгоо хийсэн, төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх механизм нь тодорхой бус гэсэн олон шүүмжлэлийг дагуулдаг. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуульчлах шаардлагатайг УИХ-ын зарим гишүүн хөндсөөр ирсэн. Тэгвэл уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан тэргүүтэй гишүүд өргөн барив.
Төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Одоо уг хуулийг хэрхэн хэлэлцэж, батлах нь олон нийтэд хүлээлт үүсгэлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт хилийн хориг тавих уу
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татсан. Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлж, шалгах саналыг УИХ-д хүргүүлсэн ч гишүүдийн олонх үүнийг дэмжээгүй. Энэ нь мөрдөн шалгах үйл ажиллагаанд зарим талаар хаалт болохыг үгүйсгэхгүйг Улсын ерөнхий прокурор хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай.
Дээрх дөрвөн гишүүнийг хилээр гарахыг нь хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тэгвэл шүүхийн танхим багтаамж муутайгаас шалтгаалж тусад нь хэлэлцэхээр болжээ. Баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хилээр гарахыг нь хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүхээс гаргалаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байгаа тул ирэхээр нь шүүх хурлыг нь товлох аж. Харин гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын шүүх хурлыг ирэх даваа гарагт товложээ.
Хөгжлийн банкны асуудлаарх түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв
Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус хороонд олонхыг төлөөлж гишүүн Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нарыг багтаасан юм. Харин цөөнхийг төлөөлж гишүүн Т.Доржханд, Ж.Батсуурь, Н.Ганибал нар ажиллахаар тогтоол баталсан.
Тэгвэл тус хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг АН-ын бүлгээс ирүүлжээ. УИХ дахь АН-ын бүлэг Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороог анх байгуулахдаа хууль зөрчсөн буюу бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байв.
Тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт оруулж буйг мэдэх боломжгүй байна. Учир нь тогтоолын төслийг нь нийтэд нээлттэй болгоогүй. УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр ганц Б.Пүрэвдорж гишүүн үг хэлсэн. Тэрбээр “Анхнаасаа хууль зөрчиж байгуулсан түр хорооны бүх үйл ажиллагаа хүчингүй. Тиймээс бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулж, хурлаа дахин хийх шаардлагатай” гэв.
Тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг өндөр тогтоохыг эсэргүүцсэн нь
УИХ-ын баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ирэх онд манай улс хэдий хэмжээний төсөв баталж, ямар томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаарх ерөнхий чиглэл бүхий уг хуулийн төсөлд 2023 онд манай улсын эдийн засаг таван хувиар өсөхөөр төсөөлжээ. Оюутолгойн далд уурхайн II үе шатны үйлдвэрлэл эхлэх, мөн Газрын тос боловсруулах үйлдвэр, авто, төмөр замын боомт, эрчим хүчний томоохон төслүүдийн бүтээн байгуулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна. Түүнчлэн ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөгт хүрч, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр ихээхэн үр дүнд хүрнэ гэж тооцжээ.
Чуулганы хуралдаанаар мөн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталсан бол Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахыг дэмжсэнгүй буцаав. Учир нь уг төсөл газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойн албан татварыг 10 мянга хүртэлх төгрөгөөр тогтоох зохицуулалт тусгасан. Энэ нь газар тариалангийн бүс нутгаас малчид дайжиж, улмаар бусад газарт бэлчээрийн даац улам нэмэгдэх эрсдэл үүсгэх, иргэдээ ялгаварлан гадуурхах, татварын дарамт учруулах сөрөг нөлөөтэйг гишүүд хөндөж байв.
“Тендерийн хууль”-д өөрчлөлт оруулахыг МАН дэмжлээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (“Тендерийн хууль” гэж товчлон нэрлэдэг)-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг, мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүдийн олонх дэмжлээ. “Тендерийн хууль”-ийн төсөлд хөгжлийн томоохон төслүүдийн гүйцэтгэгчийг тендер шалгаруулалгүйгээр гэрээ шууд байгуулж сонгох зохицуулалт тусгасанд МАН-ын олон гишүүн эсрэг байр суурьтай байсан. Тиймээс төслийг нь дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулж, холбогдох заалтыг нь өөрчлөхөд МАН-ынхан санал нэгдсэн. Үүнтэй адилаар Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулах заалт оруулахыг МАН-ын нэлээд гишүүн дэмжихгүй байсан тул ажлын хэсэг байгуулахаар болсон юм.
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа.