УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. 2022 оны тавдугаар сарын 13-ны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулах үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хуралдаанаар төслийг дахин хэлэлцэж, гишүүд саналаа нэгтгэх шаардлага байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан билээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Ингээд дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Уг төсөлд төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулах зохицуулалт тусгасан.
Малын хөлийн татварыг 10 мянга хүртэлх хэмжээгээр тогтоох хуулийн төслийг буцаав
Дараа нь Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы уржигдрын хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд санал хураалтыг түр хойшлуулаад байсан юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоол батлан, төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
Г.Занданшатар: 2023, 2024 он нь Засгийн газрын гадаад бондын төлөлтийн хувьд өндөр ачаалалтай үе
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Хууль, тогтоолыг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр "Монгол УИХ-аас 2015 онд Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийг баталснаар “Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацаанд баримтлах стратегийн баримт бичиг”-ийг 3 жил тутам баталж, түүний хэрэгжилтийг Засгийн газраас парламентад тайлагнадаг эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ. УИХ-аас 2016, 2019 онд өрийн удирдлагын талаар баримтлах дунд хугацааны стратегийн баримт бичгийг 2 удаа баталж байсан бол 2020 онд шинээр бүрдсэн УИХ анх удаагаа Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлантай танилцаж, Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон бодлогын баримт бичиг болох 2023-2025 онд баримтлах өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа. Дээрх баримт бичгийг бид гурван жил тутамд нэг удаа хэлэлцэн баталж ирсэн боловч энэ удаагийн УИХ, түүний гишүүд улсын нийт гадаад өр аюулын харанга дэгдэж байгааг ухамсарлаж, Засгийн газрын өрийн нөхцөл байдалд өндөр ач холбогдол өгч, “Засгийн газрын өрийн 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийн хэрэгжилтийн тайланг нээлттэйгээр хэлэлцэж, ард түмэндээ өрийн талаарх бодит байдлыг танилцууллаа. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бид зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих бодлогыг баримталсны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан боловч Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 240 хувьтай тэнцэхээр байгаа нь өрийн асуудал Монгол Улсыг эмзэг хэвээр үлдээж байна. Түүнчлэн Засгийн газар 1990 оноос хойш олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч 306 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум долларт хүрсэн байх тул цаашид эдийн засгийн үр өгөөжгүй төсөл, хөтөлбөрүүдийг гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээс татгалзах цаг болжээ гэдгийг харуулж байна. Мэдээж бид өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж ирсэн боловч жил бүр алдагдалтай төсөв баталж байсан тул бондыг бондоор, өрийг өрөөр төлж ирсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар өмнө 7 удаагийн гадаад үнэт цаас гаргасан бөгөөд үүнээс Чингис бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор, Дим сам, Мазаалай бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд, Хуралдай, Гэрэгэ, Номадс, Синчири бондуудыг өмнө гаргасан Засгийн газрын болон Хөгжлийн банкны үнэт цааснуудыг дахин санхүүжүүлэх зорилготой арилжаалсан байна. Мөн 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд эргэн төлөлт нь хангалтгүй байгаа нь үр өгөөж хангалтгүй гэж үзэж болохоор байна. Дэлхийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын хөрөнгийн зах зээлийн гэнэтийн өөрчлөлт, төлөв байдлаас хамааран Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагууд энэхүү стратегийн баримт бичгийн хугацаанд үүснэ. Тухайлбал 2023-2024 онд Засгийн газрын гадаад бондын төлөлтийн хувьд өндөр ачаалалтай жилүүд болохоор байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д инфляцын түвшин 2022 оны 3 дугаар сарын байдлаар сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсний улмаас тус улсын Төв банкнаас бодлогын хүүгийн түвшинг 2 хувьд хүргэх тухай урт хугацааны зорилтоо олон нийтэд мэдэгдсэн. Улмаар АНУ-ын бодлогын хүү өсөх нь ам.долларын ханш бусад улсын валютын эсрэг чангарах, дэлхийн санхүүгийн зах зээл дээрх суурь хүүг нэмэгдүүлэх зэрэг нөлөө үзүүлснээр Засгийн газрын өрийн багц дахь валютын болон хүүгийн түвшний эрсдэлийг нэмэгдүүлэх, гадаад өрийн дахин санхүүжилтийн зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавруудтай үүсч болзошгүй байна. Иймд цаашид Засгийн газрын гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлөх, өрийн зохицуулалтын арга хэмжээ, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, дахин санхүүжилтээс бусад зориулалтаар Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалахгүй байх чиглэлийг Стратегийн баримт бичигт тусгажээ. Цаашид Засгийн газар энэ талаар тууштай бодлогыг баримталж, хавтгайрсан халамж, тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлэх замаар өндөр хүүтэй гадаад бондуудыг төлөх төсвийн орон зайг гаргаж, гадаад өрийн хуримтлалыг бууруулж, халамжийн бодлогыг оновчтой зөв тодорхойлж, өрөөс хараат бус байдлыг бууруулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Түүнчлэн Засгийн газрын гадаад зээлийг эдийн засгийн бодит өсөлт болон экспортын орлогыг нэмэгдүүлэхгүй, гадаад улс орны худалдан авалтыг дэмжих замаар импортыг өсгөж, төлбөрийн тэнцэлд дарамт учруулах нөлөө бүхий Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэрийг авч ашиглахаас татгалзах бодлого нэн тулгамдсан асуудал болж байна" гэлээ.
914 зөвшөөрлийг 448 болгохоор хуульчилсан байсныг 377 болгон бууруулсан гэв
Мөн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж, гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ хэмээн танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохыг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулах, хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх, зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулахаар нэгтгэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох, төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгох, олгох, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох, үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцах, үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн байгууллага хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх, зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтоох, зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, мөн зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх, хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглох, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой дүрэм, журам гаргахыг хориглохоор өөрчлөн найруулж нэгтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Зөвшөөрлийг зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай болон энгийн зөвшөөрөл гэж ангилах бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох, ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгох, дээрх тохиолдлоос бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгох, тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байхаар өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх бөгөөд эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичгийг дахин шаардахгүй байх, мөн цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичгээр гаргасан хүсэлт гэж үзэж шийдвэрлэдэг байхаар гэж нэгтгэжээ.
Ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар олгох зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгох, мөн зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэр, зөвшөөрлийг барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг агуулсан зөвшөөрлийн нэгдсэн сантай байх, зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллахаар нэгтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Ё.Баатарбилэг: Зөвшөөрөлтэй холбоотой маш их маргаан гардаг. Зөвшөөрөл дагасан хүнд суртал, авлига, хээл хахуулийн талаар яригддаг. Хууль батлагдсанаар энэ мэт асуудал гайгүй цэгцрэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Үүний зэрэгцээ хууль батлагдсанаар тодорхой зөвшөөрлүүд дээр хүндрэл гарах вий гэсэн болгоомжлол байна. Зөвшөөрлийг дахин олгох, өмнө олгогдсон зөвшөөрлүүдээ цуцлаад дахин бүртгэх зэрэг асуудал гарах уу. Ингэвэл түүнийг дагасан хүндрэл гарах вий гэж болгоомжилж байна. Хэдхэн хоногийн өмнө Хаан банкны аппликэшнд гацалт үүсч, хүмүүс энд тэнд барьцаалагдсан тухай олон нийтийн сүлжээгээр шуугилаа. Хуулийн төсөлд тусгагдсанаар банкуудын зөвшөөрлийг дахин бүртгэх асуудал үүсэх бололтой. Энэ ямар учиртай вэ. Дахин бүртгэж зөвшөөрөл олгох бол цахим систем зогсч, бүртгэл тооцоон дээр хүндрэл гарна гэсэн мэдээлэл байна.
Ж.Ганбаатар (Эдийн засгийн байнгын хорооны дарга): 914 зөвшөөрлийг 448 болгохоор хуульчилсан байсныг ажлын хэсэг 377 болгон бууруулсан. Хуулиас давсан журам гаргаад түүгээрээ зөвшөөрөл олгоод явдаг асуудлыг нэлээн сайн хумьсан гэж үзэж байгаа. Ажлын хэсэг жил тойрон олон хэлэлцүүлэг явуулсан, сайн ч ажилласан гэсэн бол Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, энэ хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Монголбанкнаас Зөвшөөрлийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийн зохицуулалттай холбогдуулан саналаа удаа дараа илэрхийлсэн. Банкны тухай хуулийн үзэл баримтлал, банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1.11, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 6.1.12 гэсэн заалтуудыг хөндөхгүй үлдээгээч гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн. Эдгээр заалтаар Монголбанк зах зээл дээр шинээр нэвтэрч гарч буй технологийн хөгжлийг дагаад бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон дээр зөвшөөрөл олгодог. Хуулиар бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг нэг бүрчлэн зааж зөвшөөрөл олгох боломжгүй байгаа. Учир нь техник, технологийн хөгжлийг одоо ийм, маргааш тийм бүтээгдэхүүн гарна гэж урьдчилан таах боломжгүй учраас ийм санал илэрхийлж байгаа юм. Банкийг дахин бүртгэх асуудал арилжааны банкан дээр байхгүй. Гэхдээ санхүүгийн зах зээл дан ганц арилжааны банкнаас бүрддэггүй. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг маш олон аж ахуйн нэгжүүд байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр олон төрлийн технологийн үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн үед арилжааны банкууд төлбөрийн системийг дан ганцаараа хөгжүүлэхээ больсон. Хэд хэдэн банк нэг технологийн компаниас аутсорсинг хийдэг байх жишээтэй. QR үйлчилгээг бий болгосон компани гэх мэт технологийн олон компани бий. Эдгээр компаниудад Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1.11-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгоод явдаг. Зөвшөөрлийн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон тохиолдолд дээр дурдсан компаниудын үйл ажиллагаа зохицуулалтгүй болно. Өнгөрсөн жил 583 сая гаруй цахим гүйлгээ хийгдсэн байдаг. Энэ цахим буюу картын гүйлгээ явахгүй болж картын процессорын үйл ажиллагаа зогсоно. Хуулийн бусад гэдэг хэсгийг хассанаар технологийн салбарыг хуульчилж, салбарын хөгжлийг хязгаарлах эрсдэлтэй гэж үзэж байгаа учир төв банк зарчмын ийм байр суурийг илэрхийлж байгаа юм.