Хүнсний сүлжээний бүх шатан дахь хяналтыг сайжруулах нь
2022-05-24

             Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

                     УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцуулав.  

               Тэрбээр “Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслийг чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Т.Энхтүвшингээр ахлуулан, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг тодотгоод ажлын дэд хэсэг нийт найм, ажлын хэсэг хоёр удаа тус тус хуралдсан. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад бүсийн ойн аж ахуй байгуулах зохицуулалтыг тусгасан байсан нь бүсийн ойн аж ахуйг байгуулахтай холбоотой бүтэц, орон тоо, зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн байршил тодорхойгүй, санхүүжилттэй холбогдох судалгаа дутуу хийгдсэн тул Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төслөөс хасах зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Түүнчлэн хуулийн төслийн 1.1 дэх заалтад заасан ойн санг эзэмшигч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн байгууллагаас үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулах, магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан нь ойн мэргэжлийн байгууллага нь ямар зорилго, шалгуур үзүүлэлтээр магадлан итгэмжлэгдэх нь тодорхойгүй, мөн Ойн тухай хуулийн холбогдох заалтуудад магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг бүрэн тусгах нэмэлт, өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгаагүй тул хуулийн төслөөс хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсэг гаргасан” гэв.  

“Манай улс 2021 онд 2.7 их наяд төгрөгийн хүнс импортолсон”

            Хуралдааны төгсгөлд  Ерөнхийлөгчөөс 2022 оны тавдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хэлэлцэх, эсэхийг дэмжлээ.  Тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. 

            Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн  95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ. 

           Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой байгаа бол хүн амын хэрэгцээт жимс жимсгэний 23, ургамлын тосны 69, хүлэмжийн ногооны 41, элсэн чихрийн 41, төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж. Түүнчлэн дээрх гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай,  усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Иймд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

            Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, дараах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгажээ. Үүнд

  • Тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар батлахаар
  • Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох
  • Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох

 

                Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, хүнсний сүлжээний бүх шатанд хяналт баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тусгасан гэж төслийн танилцуулгад дурджээ.

Сэтгэгдэл