УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлд газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн талаар болон “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна.
Газрын тосны ашиглалтын Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр тусгажээ.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлын хүрээнд газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, шинээр нөөцийг тогтоох үйл ажиллагааг бүх талаар дэмжих, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн Байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, 2021-2022 оны төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд яаралтай батлуулж, хэрэгжилтэд хяналт тавих, Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уул-XIX, Тамсаг XXI талбайн цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг эрчим хүч дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх арга хэмжээг авах асуудлыг тусгасан байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжтой нийцүүлэх замаар шийдвэрлэх, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг судлах, “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 2018 онд НӨАТ, ААНОАТ, Хувь хүний орлогын албан татварыг төлөх тухай тавьсан шаардлагатай холбоотой гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас үлдсэн чанарын шаардлага хангахгүй, устгах шаардлагатай 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.
УИХ-ын гишүүд энэ үеэр асуулт тавьж, хариулт авлаа.
Х.Баделхан: Бүтээгдэхүүн хуваах гэрээг бид өөрчилж чадах уу хэмээн тодруулсан. Тэрбээр, 590 гаруй тонн химийн бодисын хог хаягдлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэнэ гэж тооцсон бэ. Газрын тос олборлох үйлдвэрт хятадын талаас хэчнээн хүн, монголын талаас хэчнээн хүн ажилладаг юм бол. Үйлдвэрлэлийн зориулалттай усыг бага хэмжээгээр ашиглах талаар тогтоолын төсөлд заалт орсон байна. Энэ заалт биелэгдэх үү.
Б.Баттөмөр: Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон газрын тосны 24 хувь нь манай улсад ноогдож байгаа юм. 1993 онд газрын тос олборлох, түүний зах зээлийн талаар бид бага мэдлэгтэй байлаа, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх туршлага байгаагүй. Гэхдээ тэр үед хийсэн гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлага бий болоод байна. Байнгын хорооны төсөл боловсруулахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авсан. Яамдаас ирүүлсэн санал тогтоолын төсөлд туссан байгаа. Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ санаачилга гарган ажиллаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газар ч мөн ажлын хэсэг байгуулан Шадар сайд ахлан ажиллаж байгаа юм билээ. Нэмээд хэлэхэд ус ашиглаж нефть бүтээгдэхүүн гаргадаг технологи хэдийн хуучирсан. Зарим оронд нефтиэс ус үнэтэй болчихсон байна. Тэгэхээр бид нэг литр нефть гаргахын тулд хоёр литр ус ашигладаг технологийг халах ёстой. Бидэнд ирүүлсэн мэдээллээр “Петрочайна Дачин Тамсаг” компани 554 монгол, 320 хятад ажилтантай юм байна.
Ц.Сэргэлэн: Бид анх бүтээгдэхүүн хуваах гэрээ хийснээс хойших 26 жилийн хугацаанд Монгол Улс хэдий хэмжээний ашиг хүртчихэв, үр ашиг нь ямар байж вэ гэдэг дээр тодорхой дүгнэлт гаргахгүйгээр дараагийн авах арга хэмжээг тодорхойлоход төвөгтэй болно хэмээсэн. Үүний тулд эдийн засагчид, хуульчид, олон улсын гэрээ, эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэд оролцуулсан мэргэжлийн баг томилж дүгнэлт гаргах хэрэгтэй. Түүнчлэн монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа энэ асуудлуудыг судалж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой.
Н.Наранбаатар: Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж байгаа. 2025 онд нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Гэтэл түүхий эд байхгүй, дэлхийн зах зээлийн үнээр өөрийнхөө баялгийг худалдаж авах байдалд хүрчихсэн. Үүнийг даруй шийдвэрлэх ёстой. Түүнээс гадна анхаарах бас нэг асуудал байна. Тэнд байгаа Засгийн газрын төлөөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн мэдээлэл байна. Тэд “Петрочайна дачин тамсаг” компанийн хууль бус үйл ажиллагааг нуун далдалдаг, компанитай бизнесийн ашиг сонирхлоор холбогдчихсон тухай мэдээллүүд дуулддаг. Тиймээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтан, Засгийн газрыг төлөөлж буй хүмүүс улсынхаа эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй гэв.
УИХ-ын гишүүд тогтоолын төсөлд заасан ажлыг хариуцан ажиллах төрийн байгууллагуудыг нэр заан оруулах, шинээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг ““Петрочайна дачин тамсаг” компанийн олборлож буй газрын тосны түүхий эдээр хангах талаар тусгах, Засгийн газраас томилогдон ажиллах ажлын хэсэгт орон нутгийн төлөөллийг оруулах талаар саналаа хэлж байлаа.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Гишүүд олон чухал асуудлыг хөндлөө. Үүний нэг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал. Машин түрээслүүлдэг, хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлдэг гэх мэт. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Монгол Улсын төлөөлөн ажиллаж буй албан тушаалтнууд тухайн компанийнхаа ажилтан шиг болчихсон, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг байж болохгүй. Тиймээс анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын салбарт хийсэн энэ гэрээ Монголд ашиггүй. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой ноцтой асуудал байна. Нэг литр тос авахын тулд хоёр литр ус зардаг технологиор цаашаа явахгүй. Мөн 590 тонн химийн бодисыг буцааж өгөх хэрэгтэй. Монголд устгаж болохгүй. “Петрочайна дачин тамсаг” компанийн зардлаа дураараа нэмдэг, үр ашиг байдаггүй, татвар төлдөггүй байдлыг авч үзэх шаардлагатай" гэлээ.
Эцэст нь УИХ-ын гишүүдийн саналыг тогтоолын төсөлдөө тусган батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.