УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг нь шийдэх үеэр тус бүлгээс санал гаргаж, түр хойшлуулаад байгаа. Уг төслийн үзэл баримтлалд МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатайг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр онцлов.
Төслийн 34, 3.13 дахь заалтыг өөрчилсөн тохиолдолд хэлэлцэхийг нь дэмжихээ бүлгийн гишүүд илэрхийлсэн байна. Тодруулбал, “...хөгжлийн төслийн жагсаалтад багтаасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ шууд байгуулах аргаар сонгоно” гэсэн заалтыг өөрчлөхөөр тогтжээ. Мөн 3.13 дахь заалт буюу “УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд санхүүжүүлэхэд энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэснийг хасахад санал нэгдсэн байна.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Уг төсөлд төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулах, НҮБ, олон улсын байгууллагад ажиллаж байгаа бол төрийн албанд ажилласанд тооцох зохицуулалтыг тусгасан. МАН-ын бүлгийн гишүүд үүнийг дэмжихгүйгээ хэлсэн тул тус заалтыг өөрчлөхөөр болжээ.
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай тогтоолын төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлгийн хуралдаанаар уг тогтоолыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Тус шийдвэрээс үүдсэн үр дагавартай холбоотой зарим заалтыг тогтоолд нэмж тусгах шаардлагатайг бүлгийн гишүүд илэрхийлсэн байна.