Өр үйлдвэрлэж, өөрсдийгөө хуурахгүй байхыг анхааруулсан долоо хоног
2022-05-22

   Үндсэн хуулийг өөрчлөх ажлыг үг дуугүй эхлүүлэх нь   

            УИХ-ын гишүүд, тэр дундаа “давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох санал, санаачилгыг сүүлийн үед нийгэмд ихээр хөндөж байна. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар үүнийг дэмжиж байгаагаа хурал, уулзалт болон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ч илэрхийлсэн удаатай. Тэгвэл улс төрийн намуудын төлөөлөл өнгөрсөн даваа гарагт болсон "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд бүгд санал нэгддэгээ илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд уг санаачилгыг эхлүүлэх шаардлагыг 100 мянган иргэний гарын үсгийн хамт дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсний хариуд үүнийг дэмжиж ажиллахаа хэллээ. Энэ бүгдээс дүгнэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг удахгүй эхлүүлэх бололтой. Гагцхүү төслийг нь хэн санаачилж, хуулийн хүрээнд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулах нь одоогоор асуултын тэмдэг хэвээр байна.      

Төрийн ордныг нээлттэй болгохоор журам боловсруулна

                   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид пүүз өмссөний улмаас Төрийн ордонд нэвтэрч, үйл ажиллагаатай нь танилцаж чадаагүй талаарх сэдэв цахим сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулсан. Үүнийг УИХ-ын дарга овжноор “ашиглаж”, ардчилсан нийгэмд төр нь иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гээд, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 10 гишүүн Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаараа мэдээлэл хийж, “попров”. Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох нь чухал ч УИХ-ын хууль тогтоох бүхий л үйл ажиллагааг шилэн, ил тод байлгах нь түүнээс ч илүү ач холбогдолтой. Гэтэл цахим тодотголтой өнөөгийн парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, УИХ-ын дата мэдээлэл иргэдэд төдийлөн нээлттэй биш байгаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад D-Parliament цахим системийн талаар танилцуулна лээ. Хачирхалтай нь, бодит байдал дээр гишүүдийн ирцээс эхлүүлээд чуулганы болон байнгын хороодын хуралдааны шууд дамжуулалтын датаг багтаасан нэгдсэн платформ ч үгүй байна.    

АН-ын бүлгийнхэн даргынхаа асуудлыг шийдэхээр хуулийн төсөл санаачлав

            УИХ дахь АН бүлэг дотроо талцаж, хуваагдаад хэдэн сарын нүүр үзэж байна. Бүлгийн хуралдаанаа ч хийж чадахгүй, ирц нь бүрдэхгүй байгааг АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл хэлсээр ирсэн. Улмаар уг асуудлыг шийдвэрлэх буюу парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоор хангахыг УИХ-ын даргаас шаардсан ч “Бүлэг дотроо асуудлаа шийд” гэсэн хариу өгсөн. Тэгвэл АН-ын бүлгийн зарим гишүүн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Бүлгийн даргыг сонгох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт нь боловсронгуй бус байгаа тул үүнийг шийдэх заалт тусгаснаа тэд онцолсон. УИХ, байнгын хороодоор уг төслийг одоогоор хэлэлцээгүй. Гишүүн О.Цогтгэрэл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахыг хүсэж буйгаа УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдааны эхэнд хэлсэн. Гэвч энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд үүнийг тусгаагүй байна.

Өрийн стратегийн бодлого сул байгааг аудитаар дүгнэсэн гэв

                Төсвийн тухай хуульд зааснаар бол стратегийн баримт бичиг, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газар тавдугаар сарын 1-нд багтаан өргөн барьж, УИХ зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэв.   

            УИХ-ын гишүүд болон дарга гадаад өрийн асуудлыг энэ үеэр түлхүү хөндсөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бид өр үйлдвэрлээд байна, аудитын дүгнэлт нь бий. Гадаад өрийн үлдэгдэл 2018 оныхоос 4.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 33.2 тэрбум ам.доллар болсон нь манай улсын гадаад валютын нөөцөөс 7.5 дахин их байна. Өрийн бодлого, зохицуулалтын асуудал сайн биш гэдгийг аудитаар дүгнэчихэж” гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “2019-2022 онд Засгийн газар хоёр л бонд гаргасан нь өмнөх бондын бүтцийг өөрчлөх зорилготой. Тэр хугацаанд Засгийн газрын баталгаа гаргаагүй, арилжааны нөхцөлтэй нэг ч төгрөгийн зээл аваагүй. Дотоодод төгрөгийн зээл, үнэт цаас гаргаагүй. 500 тэрбум төгрөгийг хүүнд өгч байсныг багасгаж чадсан. Дээр нь нэг ширхэг ч концессын гэрээ байгуулаагүй. Өр зээл нэмэгдсэн нь тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүлсэнтэй холбоотой” гэж тайлбарлаж байв.    

            УИХ-ын дарга Г.Занданшатар “Бондыг бондоор, өрийг өрөөр төлөн, цасан бөмбөгийн онолоор явж байна. Цасан бөмбөг өнхөрсөөр томордог шиг өр нэмэгдсээр байна. Нийт өр, улсын өр, Засгийн газрын өр гэж ялгаж ярих ёсгүй” хэмээн анхааруулсан.

            Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Уг хуулийг 19 жилийн турш шинэчлээгүй тул олон улсын допингийн стандарттай нийцдэггүй, допинг хэрэглэхийг зөвлөсөн дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэгт хүлээлгэх хариуцлага нь тодорхой бус байсаар иржээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаашид монгол морины цуснаас шинжилгээ аван, геномынх нь дарааллыг тогтоосноор стандарт бий болгох хэрэгтэйг онцлоод, энэ жилдээ сэрвээний өндрийг нь хэмжин уралдуулахыг тодотгосон. Үндэсний их баяр наадмыг аймаг, сум, улсаараа нэг л өдөр зэрэг хийнэ гэж төсөлд тусгажээ.       

 

Сэтгэгдэл