УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ
2022-05-20

             Парламентат ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой гурван чиг үүрэг байдаг нь хууль тогтоох, төлөөлөх, хянан шалгах. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ тодорхой түвшинд хэлбэржүүлэн тогтоосон. Гэвч хянан шалгах бүрэн эрхээ нь үр нөлөө багатай хэрэгжүүлж ирснийг судлаачид дүгнэсэн байдаг. Тиймээс Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах зорилгоор УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргах зарчмын өөрчлөлт хийсэн. Уг өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг нэг жилийн өмнө боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан билээ. УИХ хянан шалгах бүрэн эрхээ дараах долоон арга хэлбэрээр хэрэгжүүлэхээр заасан. Үүнд дараах арга хэлбэр багтана.  

  1. асуулт тавих;
  2. асуулга тавих;
  3. хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
  4. тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх;
  5. төсвийн хяналт;
  6. хяналтын сонсгол хийх;
  7. хянан шалгах түр хороо байгуулах

            УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон парламентаас удирдлагыг нь томилдог байгууллагын дарга нарт асуулга, асуулт тавьж, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь түгээмэл байна. Тухайлбал, хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Учрал ХНХ-ийн сайдад Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар асуулга тавьж, хариулт мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Түүнчлэн Засгийн газар, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагууд хаврын чуулганы хугацаанд багтаан тайлангаа байнгын хороодод танилцуулж, салбарын тодорхой асуудлаар илтгэл, мэдээллийг хэлэлцүүлж байна. Жишээ нь, Үндэсний аудитын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хороогоор лхагва гарагт хэлэлцүүллээ. Ингэж хэлэлцэхийн ач холбогдол нь гишүүдийг мэдээллээр хангах, салбарт тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар УИХ-д танилцуулснаар тогтоол, шийдвэр гаргах боломжтой.

Ямар хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийж байгаа талаарх нэгдсэн мэдээлэл алга

             УИХ хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх нэг чухал арга хэлбэр нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх явдал. Сайн хууль баталсан хэдий ч хангалттай хэрэгжүүлдэггүйгээс үүдэн нийгмийн олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг судлаачид хөнддөг. Тиймээс хуулийг бүхэлд нь, эсвэл зарим зүйл заалтад нь хэсэгчлэн, мөн тодорхой харилцааг зохицуулж буй хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийхээр УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тусгасан.  

            Ингэснээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, боловсронгуй болгох ач холбогдолтой. УИХ-аас тухайн жилд хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнгийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зохицуулалттай. Тэгвэл энэ жилд УИХ-аас ямар хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийж байгаа талаарх нэгдсэн мэдээлэл алга байна. Уг нь УИХ-ын хяналтын шалгалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, олон нийтэд нээлттэй байлгахаар дээрх хуульд заасан ч одоогоор үүнийг эхлүүлээгүй байна.   

              Parliament.mn хуудсанд УИХ-ын хяналт шалгалтын мэдээг сар бүрээр нь боловсруулж, нээлттэй байршуулжээ. Үүнтэй холбоотой мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр олон нийтийн хэлэлцүүлэг явуулаагүй

              УИХ төсвийн хяналт тавих бүрэн эрхээ тасралтгүй, байнгын хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас төслийг нь өргөн мэдүүлснээс эхлээд хэлэлцүүлгийн шат бүрт болон хуулийг баталсны дараа хэрэгжилтэд нь хяналт тавихаар хуульчилжээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 22.6-д зааснаар УИХ төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно. Гэвч энэ жилийн төсвийг хоёр удаа тодотгох үеэр олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй. Түүнчлэн төсвийн хуулийн хэрэгжилтийн талаар төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах боломжтой. Тэгвэл өнгөрсөн оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналтын сонсгол зохион байгуулаагүй.

          Улсын төсвийг хэлэлцэх батлахдаа улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн, Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн, эсэхийг холбогдох ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газрын хариуцсан хэлтэс болон гишүүд  хянадаг. Энэ нь төсвийн хяналтын нэг хэлбэр нь юм.

Хяналтын сонсгол хийх бүрэн эрхийн хүрээнд хэд хэдэн сонсголыг явуулав

           УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийн нэг хэлбэр нь хяналтын сонсгол хийх. Хяналтын сонсгол нь дөрвөн төрөлтэй. Үүнд дараах багтана.

  1. хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол
  2. төсвийн хяналтын сонсгол
  3. ерөнхий хяналтын сонсгол
  4. нэр дэвшигчийн сонсгол

       Хаврын чуулган эхэлснээс хойш УИХ жагсаал цуглаан зохион байгуулах болон Хөгжлийн банкны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулсан. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүнд нэр дэвшигчийн дунд нээлттэй сонсгол явуулав. Түүнчлэн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн дунд сонгол зохион байгуулсан. Иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор ирэх сарын 6-нд хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулахаар төлөвлөөд байна.  

Хянан шалгах хоёр түр хороо байгуулан ажиллаж байна

            Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ хянан шалгах түр хороо байгуулах боломжтой. Ингэхдээ 19-өөс дээш гишүүний саналаар зургаа хүртлэх сарын хугацаатайгаар тус хороог байгуулах бөгөөд тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг нь тогтоолоор баталдаг. 5-19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шалгах түр хорооны гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байхаар хуульд тусгасан.

            УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийснээс хойш Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулсан. Хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, гишүүнээр Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар ажиллаж байна. Тус хороо анхны хуралдаанаа лхагва гарагт хийж, холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссон. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан”-ыг танилцуулсан.

        Мөн Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 38 зээлдэгч 201.9 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлсөн. Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх тодорхой саналыг яаманд хүргүүлсэн. Эдгээр зээлдэгчид нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээлийн асуудал байгаа. Үүнээс одоогоор 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан. Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчид 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагыг ирүүлсэн. Энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй. Засгийн газраас тодорхой шийдвэр гарвал төлөвлөсөн ажлуудаа хийнэ” гэж байв.  

          УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 21 гишүүнээс Эмийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулсныг өчигдөр баталсан. Тус хороо эмийн чанарын хяналт шалгалтын хүртээмж, тогтолцоо, үр дүн, хуурамч болон стандарт бус эмийн нийлүүлэлт, хэрэглээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ гэсэн хүрээ хязгаарын дагуу хяналт шалгалт хийнэ.

 

 

 

Сэтгэгдэл