УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Гишүүд энэ үеэр асуулт тавьж, хариулт авлаа.
М.Оюунчимэг: 2023-2025 онд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүр зургийг гаргах чухал баримт бичгийг хэлэлцэж байна. Уг баримт бичгийн үзэл баримтлалын нэг чухал зүйл нь улсын макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад оршиж байгаа. Сүүлийн статистикаас харахад инфляц 15, эдийн засгийн өсөлт -3.8 хувьтай болчихлоо. Энэ бол амш ноцтой асуудал. Урд хөршөөс олон зүйлээр хамааралтай учир хил гаалийн урсгал саатсан нь үүнд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ 2021 оноос хойш нэлээд олон арга хэмжээ авсан. Тухайлбал, “10 их наядын цогц хөтөлбөр”. Бусад арга хэмжээ авсан ч эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаар 6 хувьд хүрэх байтал харин ч буурлаа. 2023 онд гадаад өрийн дарамт хүндэрч байгаа. Бодит байдлыг хэрхэн тооцоолж байна вэ.
Б.Жавхлан (Сангийн сайд): Өндөр инфляцтай үед бид төсвийн гүйцэтгэлийг хангаж байна. Жилийн эцэцст эдийн засгийн өсөлт эерэн гарах дүр зураг харагдаж байгаа. Манай улсын онцлогоос хамаараад жилийн эхний хоёр улирлын эдийн засгийн өсөлт бага гардаг. Энэ жилийн эцэст эдийн засаг таван хувиар өснө гэж төлөвлөсөн. Харин инфляц 2022 оны сүүлчээр наймад хувьд хүрнэ гэж төсөөлсөн.
М.Оюунчимэг: Энэ оны төсвийг хоёр ч удаа тодотголоо. Төсвийг заавал алдагдалтай батлах ёстой гэсэн хандлага бий болчихсон. Засгийн газрын өр ДНБ-ий харьцааны үзүүлэлтийг сэрэмжлэх түвшний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж Олон улсын валютын сангаас зөвлөдөг. Гэтэл өнөөдөр энэ тоо манай улсад 63-75 хувьд хүрсэн. Ирэх онд дахиад л алдагдалтай төсөв батлах дүр зураг харагдаж байна.
Б.Жавхлан: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн тусгай шаардлагыг зааж өгсөн. Жил бүрийн төсвийн алдагдалын хэмжээг ДНБ-тэй харьцуулаад заачихсан байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд бид шат дараатайгаар төсвийн алдагдлыг бууруулж байгаа. Магадгүй ирэх жилүүдэд төсвийн тэнцэл алдагдалгүй болох болов уу гэж төсөөлж байгаа.
Б.Энхбаяр: Бид нар хууль батлаад байгаа. Хууль маань хулгай хийхээс сэргийлэх ёстой. Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем манай УИХ-д бий. УИХ-д анх удаагаа сонгогдлоо, хоёр удаа төсөв батлалцахад оролцлоо. Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороо их нааш, цааш нь болгодог юм байна. УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооноос их хамааралтай. Дахин сонгогдох, тойрогтоо хөрөнгө хуваарилж чадах, эсэх гээд бүх асуудлыг Төсвийн байнгын хороо базаад сууж байдаг. Хадаг барьж гуйлгадаг, царай хардаг. Гишүүдийг ялгаварладаг, ар өврөөр нь төсвийг нь мэддэг. Баянзүрх дүүргийн 20 мянган хүнтэй 26 дугаар хороонд нэг сургууль баръя гэдгийг би хамгийн их ярьдаг. 2022 оны төсөв батлахад үүнд зориулж, таван тэрбум төгрөг хуваарилсан. Сая төсөв тодотгоход үүнийг 1.4 тэрбумаар танасан. Бүх гишүүдийн тойрогт ингэж танагдаж байгаа байхдаа гэж хүлээцтэй хандсан. Гэтэл хассан хөрөнгөө бусад гишүүний тойрогт нэмсэн байна. Увс аймагт хийх хөрөнгө оруулалтыг нэмчихсэн байна лээ. Манай Баянзүрх дүүрэгт “Шинэ хөдөө” гээд төслийг нэмчихсэн байх. Хамгийн хотожсон дүүрэг гэж ойлготол хөдөө төсөл хэрэгжүүлэх нь. Байнгын хороон дээр бужигнуулдаг энэ асуудлаа УИХ шийдэх хэрэгтэй. Би өмнө нь Засгийн газартай л асуудал ярьдаг байсан, үгүй юм байна.
Б.Жавхлан: Манай өрийн 97 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр ханшийн өсөлтөд маш мэдрэмтгий байна гэсэн үг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд аль болох төсвөөсөө гадаад өрийг төлж, барагдуулж, хэмжээг нь бууруулж, ханшийн өсөлтөд өртөхөөс сэргийлж ажиллана. Ийм үед бонд гаргаж, гадаад өрийг төлж болохгүй, эрсдэлтэй.
Г.Занданшатар: Сөрөг хүчин, эрх баригчдын аль нь ч бай хамгийн гол анхаарах асуудал бол загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн ийм өрийн удирдлагын бодлого нь хожим 2030 он гэхэд Монголоос та, бид нарыг хөөж, эх орондоо амьдарч чадахгүй байх хэмжээнд хүргэнэ. Өр цасан бөмбөгний онолоор буюу томсоод л байна шүү. Бондыг бондоор төлчихнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрыг хэлэхэд шүүмжилж байсан. Одоо бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгний онолоор буюу эргэлдээд байх тусам нь томордог шиг өр нэмэгдсээр байна. 2011 онд манайх 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан юм билээ. Одоо 30 тэрбум ам.долларын өртэй болсон. Тэр үед нэг хүнд 14 сая төгрөгийн өр ногдож байсан. 2016 онд 21.4 тэрбум ам.долларын өртэй болсон. Энэ нь улсын нийт өр. Улсын, Засгийн газрын өр гэж манайхан ялгаад байдаг. Монголоос эцсийн дүндээ валют л гадагшилна шүү дээ. Бүр өөрөө өөрсдийгөө хуурчихсан. Зөвхөн төсвийн, Сангийн яамны, Монголбанкны, төрийн өмчит компаниудын, Засгийн газрын баталгаат өр гээд ялгадаг болчихсон. Энэ бол өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулаад байна. Эцэст нь анхааруулж хэлэхэд, өрөнд яагаад оруулчихсан юм бэ гээд Монголдоо амьдарч чадахгүйд хүргэнэ. Өрийг өрөөр, бондыг бондоор төлчихнө, зүгээр ээ гэсэн өрийн стратегийн баримт бичиг л оруулж ирж байна. Өрийн стратегидээ одоо л анхаарахгүй бол болохгүй. Зимбабве, Замби Улсаас манайх гадаад өрийн ДНБ-тэй харьцуулсан хэмжээгээрээ дутуугүй болчихоод байгаа шүү.