УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 333.8 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 33.4 сая тонн. “Петрочайна дачин тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг. 2021 оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авахад 1.1 тэрбум ам.доллар зарцуулсан. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтэй. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгддэг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа. 1991 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпорац газрын тосны хайгуулын Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан. Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани нь 2005 оны дөрөвдүгээр сарын 01-нд “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан. Сүүлийн үеийн хууль, эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэхийн хэрээр анх байгуулж байсан бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх явдал ихээр гарах болсон. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэсэн юм байна. Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан боловч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Тосон уул талбайн хувьд Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг. Үүнийг нарийвчлан ойлговол 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг" гэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Н.Наранбаатар: Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, Монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээг байгуулаад нэлээд хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, гадна, дотнын хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөх ёстой. Гэтэл тус компанийг үүнээс гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагаар явж байгаад замхраад алга болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээний түүх, зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэлээр, түүнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй, дутуу хагас өгдөг гээд маш ойлгомжгүй. Тэгсэн мөртлөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон л гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг, ус ашиглах зөвшөөрөлгүй, усыг дураараа ашиглаж, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна.
Х.Баделхан: Нефть боловсруулах үйлдвэр байгуулна. 2025 онд ашиглалтад орно. Энэ үйлдвэрийг хангах түүхий эд нефтийн тооцоо гарсан уу. Өнөөдрийн энэ ашиглаж байгаа талбайгаас гарсан түүхий нефтийг шинэ нефтийн үйлдвэрт ашиглаж болох уу. Анхны байгуулсан гэрээгээрээ хятадууд авсаар байх уу.
Ажлын хэсэг: Гэрээний нөхцөлөөр бол нөөц нь дуустал ордыг ашиглана. Гэхдээ газрын тос нь дуусвал өртөг нөхөгдөөгүй байсан ч гэрээ дуусгавар болно гэсэн заалттай. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахдаа технологийн туршилтууд хийсэн бөгөөд манай улсад олборлож байгаа газрын тоснуудын ерөнхий физик, химийн шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийг сонгосон. Ер нь хайгуул хийж байгаа. Олборлож буй болон ойр хавийн ордуудын тосыг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
Ажлын хэсэг: "Петрочайна дачин тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөтэй холбоотой олон гомдол ирдэг. Энэ компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Нефтийн бүтээгдэхүүний хог хаягдал, үйл ажиллагаанаас нь гардаг хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав, баглаа боодол, автомашины аюултай хог хаягдал их хэмжээтэй гардаг. Эдгээрийг дахин боловсруулахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Өөрсдийнхөө хэрэгцээнээс давсан химийн бодисыг оруулж ирсэн, одоо хугацаа нь хэтэрчихсэн химийн бодисыг булшлах асуудал бас яригдаж байгаа. Ус, ашиглалт, нөхөн сэргээлттэй холбоотой олон удаа дүгнэлт гаргасан. Усыг их хэмжээгээр ашигладаг бөгөөд нэг талбай дээр нийтдээ 70 гаруй худаг ухсан. Түүнээсээ 2.7 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа бөгөөд жилд орон нутагт 3.2 тэрбум орчим төгрөгийг ус ашигласны төлбөрт төлсөн. Хуульд зааснаар байгалийн нөөц баялгийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ажилладаг. Өмнөх жилийнх нь менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 90 хувиас дээш байвал дараа жилийнх нь менежментийн төлөвлөгөөг баталж өгдөг. “Петрочайна дачин тамсаг”-ийн хувьд бол 2020 оны менежментийн төлөвлөгөөг орон нутгийнх нь комисс шалгаад 30-40 хувь хэрэгжсэн гэж үзсэн. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргасан учраас дараа жилийн менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Үндсэндээ менежментийн төлөвлөгөө батлагдаагүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно. “Петрочайна дачин тамсаг” компани нь 2016-2021 онд аж ахуйн нэгжийн орлогын алдагдалтай тайланг цахимаар ирүүлсэн бөгөөд татварын байгууллага үүнийг хянаж үзээд алдагдалтай тайлагнасан нь үндэслэлгүй гэж үзээд буцаасан. Мөн тус компаниас татварын төлөлттэй холбоотой маргаан үүсгэснийг одоо Маргаан таслах зөвлөл хянаж байгаа.
Б.Баттөмөр: Газрын тосны хайгуул, олборлолтод ашиглаж буй усан технологийг дэлхийд хэр ашиглагдаг вэ. 8.3 сая литр ус зарцуулаад 8.3 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн олборлож байна гэсэн мэдээлэл бий. Өнөөдөр зарим газарт нефтийн бүтээгдэхүүнээс ус илүү үнэтэй цаг болж байгаа шүү дээ. Иймд ус ашигладаг хоцрогдсон технологи хэрэглэж болохгүй. Цаашдаа энэ технологийг шинэчлэх үү.
Ажлын хэсэг: Одоогоор байгалийн горимоороо өөрөө оргилох тос нь багасаж байгаа учраас XIX, XXI талбай дээр ус, шахалт, хий шахалт, гель полимер шахалт гэсэн технологийн аль алийг нь ашиглаж байгаа. Цаашид хий шахалт нь аюулгүй ажиллагаа талаасаа нэлээд аюултай, ус их хэрэглэдэг учраас ус шахалтыг нь багасгана. Гель полимер буюу илүү өндөр технологийн бодис хэрэглэж шахах технологийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй гэв.
Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй. Гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай. Ашигт малтмалын тухай хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал бий. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж боломгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг "Голланд өвчин"-д нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд Монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө" гэж хэллээ.