Бүлгийн даргыг чөлөөлөх, томилох зохицуулалтыг тодорхой болгох хуулийн төсөл өргөн барив
2022-05-18

           УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ц.Туваан нар УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд УИХ-ын  тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсгийг нэмэхээр тусгасан байна. Үүнд “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.”гэж заажээ. 

           Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа гишүүд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч, нэлээд хугацаа өнгөрлөө. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг УИХ-ын тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатай байгаа"-г дурдлаа.

          2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу парламент дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны долдугаар сарын 1-ний нэгдсэн хуралдааны үеэр дарга Г.Занданшатар танилцуулсан. 

Сэтгэгдэл