Парламентын дүр эсгэсэн цахимжилт
2022-05-16

            “Хүүгийн минь ангийнхан Төрийн ордонтой танилцсан. Гэтэл хэдэн хүүхдийг пүүз өмссөн шалтгаанаар нэвтрүүлэлгүй, гаднаас нь буцаалаа. 15, 16 настай хүүхдүүд бяцхан зүрхэндээ ялгаварлалыг тултал мэдэрсэн байх даа” гэж нэгэн иргэн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. “Төрийн ордонд ажил хэрэгч, эсвэл монгол хувцастай л нэвтрүүлдэг тул тухайн хүүхдийн багш нь энэ тухай урьдчилж хэлэх ёстой” ч гэж зарим иргэн доор нь сэтгэгдэл үлдээсэн харагдана.   

                Хэн бүхэн хүссэн үедээ нэвтрэх боломжгүй Төрийн ордонд орж үзэх юмсан, төрийнхөө үйл ажиллагаатай танилцах юмсан гэсэн нууцхан хүсэл иргэдэд бий. Урьдчилж хүсэлт гаргаснаар, УИХ-ын гишүүдээс урилга авснаар гээд олон хэлбэрээр ийм боломжийг нээлттэй олгодог юм билээ. Гэвч танилцуулах боломж олгох төдийхнөөр нээлттэй байдал бий болохгүй. Иргэд УИХ буюу өөрсдийн сонгосон төлөөллийн үйл ажиллагааг бүрэн хянах боломжтой байвал тэр нь жинхэнэ утгаараа нээлттэй байдал. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд хүссэн бүхнийг Төрийн ордонд ирж, чуулганы хуралдааныг ажигла гэх нь мэдээж боломжгүй зүйл. Гагцхүү үүнийг цахимд шилжүүлснээр бүрдүүлж болно. Товчхон хэлбэл, цахимжина, нээлттэй, ил тод болно гэсэн зорилт дэвшүүлээд буй одоогийн УИХ үүнийгээ бодитоор ажил хэрэг болгомоор байна. Цахимжина гэсэн парламентын өнөөгийн нөхцөл ямар байна вэ?  

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөө больё

              Хамгийн энгийн жишээ дурдъя. Миний дэмжсэн, манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн өнөөдөр аль хуулийн төсөлд ямар санал өгснийг мэдэх боломжгүй нь харамсалтай. Parliament.mn гэсэн фэйсбүүк хуудсаар чуулганы хуралдааныг шууд дамжуулдаг ч санал хураалтын дүн бүрэн харагддаггүйгээс гадна энэ тухай мэдээллийг нэгдсэн байдлаар, нэг дороос авах платформ ч алга. Тиймээс UIH.mn сайт энэ талаарх мэдээллийг нэгтгэн, баяжуулж байгаа.  Хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх явцад хэрхэн өөрчлөлт оруулж буйг нь мэдэх боломж маш хомс байна. Учир нь байнгын хороодын хуралдааныг тэр бүр шууд дамжуулдаггүй. Гэтэл хамгийн чухал горимын санал, асуудлыг байнгын хороодын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэчихдэг. Хуралдааны тэмдэглэлээс энэ бүгдийг харах боломжтой гэж тайлбарладаг ч үүнийгээ тухай бүрт нь биш, хэзээ хойно байршуулдаг. Аливаа хуулийг батлахаас, асуудлыг шийдэхээс нь өмнө иргэд хянах боломжийг бүрдүүлэх ёстой байхад хэдий хүртэл “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”-тэй адилаар асуудалд хандах вэ.    

Гацдаг төхөөрөмж ба ганц санал  

                УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг ч бүрэн дүүрэн, тодорхой байдлаар боловсруулж, танилцуулдаггүй. Чуулганы хуралдааны тэмдэглэл болон УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан тайлан дахь ирцийн мэдээлэл зөрүүтэй байдаг нь нууц биш. Хамгийн хачирхалтай нь, санал хураалтын төхөөрөмж аливаа маргаантай асуудлыг хэлэлцэх үед гацдаг. Үнэхээр гацдаг юм уу гэвэл бусад хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэвийн ажилладаг нь сонин. Жишээ нь, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлах санал хураалтыг гурван удаа явуулсан. Учир нь тус хуулийг эцэслэн батлахад нэг санал дутсан бөгөөд зарим гишүүний кноп ажиллаагүй шалтгаанаар дахин санал хураалтыг явуулсан нь тэр. Үнэхээр кноп нь ажилласан, үгүйг иргэд мэдэх ямар ч боломжгүй. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөл “уначихлаа” дахин санал хураалт явуулахаа больё гэж чангаар хэлэхээс өөрөөр яаж ч чадаагүй.  

              Яг ийм тохиолдол саяхан буюу өнгөрсөн лхагва гарагт боллоо. Банкуудын IPO гаргах хугацааг сунгах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалтыг дээрхтэй адил шалтгаанаар гурван удаа явуулсан. Чуулганы хуралдааны шууд дамжуулалтыг ажигласан иргэн Ө.Ганзориг “Төхөөрөмж гацлаа гээд л дахин санал хураагаад байх юм” гэж сэтгэгдлээ твиттерт илэрхийлсэн байна лээ.     

              Хэдий хүртэл Монгол Улсын Их хурлын дарга нь “Эцэслэн батлахад ганц санал дутаад байна, Энэ хуулийн төсөл унаагүй” гэх зүйд нийцэхгүй үг хэлсээр суух вэ.     

             УИХ-ын чуулганы нэг өдрийн хуралдааныг ажиглахад дунджаар 10 удаа зочид ирдэг. Зочид гэдэг нь сурагчид, оюутнууд, орон нутгийн төрийн байгууллагын албан хаагч, УИХ-ын гишүүдийн тойргийн сонгогчид, улс төрийн намын үүрийн ажилтнуудыг хэлж буй юм. Тэднийг чуулганы танхимд орж ирэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Зочид танилцуулъя. УИХ-ын гишүүн ...-ний урилгаар ... аймгийн ... сумын  ажилтан, албан хаагч, иргэд, намын гишүүд УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж байна.. Та бүхэнд аз жаргал, сайн сайхныг хүсье” гээд, танхимд алга ташилт үргэлжилдэг. Чуулганы нэг өдрийн хуралдааны үеэр дунджаар 10 орчим удаа зочид ирж, Төрийн ордны үйл ажиллагаатай танилцдгаас харахад их олон хүн тус объектоор “бужигнадаг” байх нь. Гэвч цахимжина гэж “Чихэн дээр цэцэг ургуулдаг” парламент Parliament.mn хуудасныхаа Төрийн ордонтой танилцах цахим аялал гэсэн цэсээ ядаж ажиллуулахгүй удлаа.       

            Төрийн ордон хуульд зааснаар халдашгүй дархан объект мөн үү гэвэл тийм. Гэвч үүгээр халхавчилж, иргэдэд нээлттэй байлгах ёстой мэдээллийг, мөн үйл ажиллагаагаа нууцлах нь байх ёсгүй зүйл.        

 

 

Сэтгэгдэл