“Ерөнхийлөгчийн мэдээлэл”-тэй долоо хоног
2022-05-15

              УИХ-аар өнгөрсөн долоо хоногт банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох зохицуулалттай Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн нь олны анхаарлын төвд буй чухал асуудлын нэг байв. Манай улсын системийн нөлөө бүхий банкууд ирэх сарын 30-наас өмнө IPO гаргаж, хувьцаагаа олон нийтэд худалдан, нээлттэй компани болох ёстой. Гэвч уг хугацааг нэг жилээр сунгах заалттай хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналаар Засгийн газар боловсруулжээ. УИХ-ын цөөнгүй гишүүн банкуудын IPO гаргах хугацааг сунгахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин банкны реформ хийх чухал хуулийн зохицуулалтын хугацааг сунгаж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг хойшлуулж буйг зарим этгээдийн лобби гэж хардаж байгаагаа хэлсэн. Тус төслийг хэлэлцэхийг нь дэмжих, эсэх санал хураалтыг төхөөрөмж ажиллаагүй гэсэн үндэслэлээр гурван удаа явуулсны эцэст олонх нь “эерэг” кноп дарснаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон юм.  

               Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой мэдээллийг УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанд танилцууллаа. Энэ нь түүний Ерөнхийлөгч болсноос хойших УИХ-ын чуулганы хуралдаанд хийж буй анхны нээлттэй мэдээлэл. Өмнө нь тэрбээр УИХ-ын хаалттай хуралдаанд хоёр ч удаа мэдээлэл хийсэн. Олон улсад үүсээд буй нөхцөл байдал, цар тахлын сөрөг нөлөө, тээвэр, логистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэйгээр хүнсний нөөц хомсдох эрсдэл үүсэж болзошгүйг тэрбээр анхааруулав. Түүнчлэн хүнсний эрүүл аюулгүйн стандартыг мөрдүүлэх, 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх, УИХ, Засгийн газар үүнд анхаарлаа хандуулахыг онцолсон юм.

Эмийн асуудлаарх хянан шалгах хороо байгуулахыг түр хойшлуулав

              Н.Учрал тэргүүтэй гишүүд эмийн аюулгүй байдлын асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлсэн ч холбогдох байнгын хороонд нь буцаав. Учир нь хүний эрх, амьд явах эрх чөлөөтэй холбоотойгоор эмийн аюулгүй байдал, холбогдох хуулийн хэрэгжилтийг шалгах нь зайлшгүй чухал хэдий ч сэдвээ тодорхой болгож, нарийвчлах шаардлагатай гэж үзсэн.  

              Засгийн газар “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэв. Энэ үеэр гишүүд уг асуудлыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр нухацтай ярилцах, хаалттай хэлэлцэх санал гаргаж байв. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулгадаа “Төрийн өмчийн хорооноос тус үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бейсмент” гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан ч 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гарсан. Энэ бол “Концессын” хуулийг зөрчсөн үйлдэл” гэдгийг тодотгосон. Харин үүний эсрэг зарим гишүүн “Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчилсан шийдвэрийг УИХ нь хүчингүй болгож, төрийн мэдэлд авдаг жишиг тогтох вий” хэмээн болгоомжлуулж байлаа.

НДС-гийн хөрөнгийг журам зөрчин банканд байршуулсныг хөндлөө  

            Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг УИХ баасан гаргийн үдээс хойш хэлэлцсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулжээ. Капитал банканд байршуулсан тус сангийн хөрөнгийн үлдэгдэл нь 2008 онд 14.8, 2009 онд 17.8, 2010 онд 16.2, 2011 онд 24.7, 2012 онд 31.4, 2013 онд 126.4, 2014 онд 209.5, 2015 онд 238.1 тэрбум төгрөг байсан аж. Банкийг 2019 онд татан буулгасан бөгөөд НДС-гийн 104.2, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулах ёстой. Одоогоор НДС-гийн 30.3 тэрбум төгрөгийг тус банкны эрх хүлээн авагч нар барагдуулсан байна. “Татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон шимтгэлийг үр ашиггүй зарцуулж, өндөр хүү санал болгосон гэх нэрийн дор зарим банкийг санхүүжүүлж, журмаа зөрчсөнөөс болоод 200 гаруй тэрбум төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа”-г гишүүд тодотгоод, нийгмийн даатгалын реформыг зайлшгүй хийх ёстойг хөндсөн.

100 мянган хүний гарын үсэгтэй шаардлагыг хүргүүлэв

             УИХ-ын гишүүн Т.Доржханд 100 мянган хүний гарын  үсэгтэй, Үндсэн хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар өөрийн албан ёсны цахим хуудсандаа “Тогтолцооны өөрчлөлт хийхийг иргэд дэмжиж, утасны дугаараа бичиж, гарын үсгээ зурсан. Тиймээс иргэдийн энэхүү саналд үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, УИХ-ын бусад гишүүн сонгогчдодоо хандаж илүү олон хүнээс санал авах боломжийг бий болгох хүсэлтийг тавилаа. Улс орон, иргэдийнхээ хөгжлийн төлөөх өөрчлөлт, шинэчлэлт хийх саналыг дэмжинэ” гэж бичжээ.       

           Гишүүн Т.Доржхандын энэхүү үйлдлийг эрх баригчдын далд захиалга гэх хардлага нийгэмд бий болоод буй. Учир нь эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах сонирхолтой ч уг санаачилгыг өөрсдөө бус, өрөөлөөр эхлүүлэх далд явуулга гэж үзэж байгаа юм.   

Сэтгэгдэл