“Улс төрийн намд ажилласан бол төрийн албатай дүйцүүлэх боломжгүй”
2022-05-13

               УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд төрийн албан тушаал, ангилал хооронд шилжүүлэн ажиллуулахад жинхэнэ болон тусгай шалгалт авахгүй байх, мэргэжил, туршлагыг нь харгалзан төрийн албанд гэрээгээр ажиллуулах, үйлчилгээний болон тусгай албаны удирдах албан тушаалыг төрийн захиргааны албанд хамааруулах зохицуулалтыг тусгажээ. Гишүүд энэ үеэр асуулт тавьж, хариулт авлаа.

Ц.Сандаг-Очир: Хууль, хүчний, эрүүл мэндийн, боловсролын салбарын албан хаагч нар цалингаа нэмэгдүүлсэн. Захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь зүйтэй. Улс төрийн намд ажилласан бол төрийн албанд ажилласан жилээр тооцох боломж бий юу. Олон улсын байгууллагад ажилласан хүмүүсийг төрийн албанд ажилласнаар тооцдог юм билээ. Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр мэргэжил, туршлагыг нь харгалзан төрийн удирдахаас бусад албанд 1.6 жил хүртэлх хугацаатайгаар гэрээгээр ажиллуулна гэсэн заалтыг тайлбарлаж өгөөч.

Н.Мягмар (ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга): Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг Засгийн газар тогтоодог. Харин төрийн тусгай болон улс төрийн албан тушаалын цалингийн хэмжээг тухайн хуульд заасан этгээд нь тогтоож, мөрдүүлдэг. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг уялдуулах, ижил түвшинд хүргэх, зайлшгүй шаардлагатай албан тушаалын цалинг нэмэх тал дээр ХНХЯ, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Цалин хөлсний чиглэлээр тусад нь зохицуулалт тусгах учир одоо өргөн барьсан төсөлд оруулаагүй байгаа.

П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): НҮБ, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын дагуух байгууллага, эсвэл хууль, гэрээний дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй газарт ажиллаж байгаа хүмүүсийг төрийн албанд дүйцүүлэх заалт бий. Үүнийг өргөжүүлж, улс төрийн нам, эсвэл СӨХ-нд ажилладаг хүмүүсийг төрийн албанд дүйцүүлэх асуудлыг энэ төсөлд тусгаагүй. Эдгээрийн статус нь их өөр байдаг. НҮБ-д ажиллаж маш их туршлага хуримтлуулсан, төрийн албанд шинэлэг арга барил, инновац нэвтрүүлсэн гэдэг талаас нь бид ач холбогдол өгч байгаа. Нийтийн эрх зүйн этгээдэд ажиллаж байгаа хүмүүс нь захиргааны ерөнхий шүүхэд дуудагддаг. Төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа учраас бараг нийтийн албан тушаалтан гэсэн үг. Судалгаа хийх, нарийн мэргэжлийн ажил гүйцэтгэх, мэдээллийн технологийн чиглэлийн хүмүүс төрийн албанд орж ажиллах сонирхолгүй ч нэг жилээр гэрээний үндсэн дээр ажиллах боломжтой.

Д.Өнөрболор: Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилснээс хойш 10 удаа өөрчлөлт оруулжээ. Сонгуулийн дөрвөн жилийн циклээр төрийн албан хаагчдыг сольдог, улстөрчид төрийн албан тушаалын томилгоонд нөлөөлдөг, сонгон шалгаруулаагүй, шаардлага хангаагүй хүнийг албан тушаалд томилуулдаг байдлыг зогсоох зорилгоор уг хуулийг шинэчилсэн гэж ойлгож байна. Гэтэл одоо хэлэлцүүлж байгаа төсөл нь хуулийн үндсэн үзэл баримтлалтай нийцэхгүй. Тухайлбал, төрийн жинхэнэ албанд иргэнийг сонгон шалгаруулалтгүйгээр иргэнийг 1.6 жилээр ажиллуулах зохицуулалтыг үүнд тусгажээ. Иргэд төрийн жинхэнэ албанд томилогдохын тулд сонгон шалгаруулалтад тэнцэж, холбогдох шалгуурыг хангасан байх ёстой. Гэтэл зарим иргэн бусдаасаа давуу эрх эдлэх ийм нөхцөл харагдаж байна. Энэ нь төрийн албаны мерит, Үндсэн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх үү. Хөдөлмөрийн насны таван хүн тутмын нэг нь төрийн албанд ажиллаж байна. Төрийн алба нөсөр болж, бүтээмж нь муудаж буйг иргэд шүүмжилдэг. Манай улс 200 мянга гаруй төрийн албан хаагчтай. Үүний 40 орчим хувь нь төрийн жинхэнэ албанд ажилладаг. Гэтэл хуулийн төслийн нэгдүгээр зүйлд зааснаар бол тухайн байгууллагын нийт албан тушаалын таваас илүүгүй хувийн орон тоонд ажиллуулна гэжээ. Үүнийг тооцвол төрийн албан хаагчийн тоо 4000 хүнээр нэмэгдэх юм байна. Хүн нэмэгдсэнээр бүтээмж нэмэгдэхгүй. Орон тоо нь нөхөгдөхгүй байгаа цаад учир шалтгааныг тодруулах хэрэгтэй.    

П.Сайнзориг: Өмнө нь төрийн албанд гэрээгээр ажиллуулж байхад үүнийг хавтгайруулан ашигласан тохиолдол байсан. Үүний сөрөг үр дагавар гарч байгаа гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ энэ нь зөвхөн ТЗ ангилалтай хамааралтай. ТЗ ангилалтай огт хамаагүй. Өөрөөр хэлбэл, яам, агентлагт тодорхой гэрээгээр ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ тухайн иргэний мэдлэг, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзана. Нэмж орон тоо бий болгохгүй. 100 орон тоотой байгууллага бол тавн хүртэлх хувьд нь гэрээгээр ажиллуулах тухай юм.  

Сэтгэгдэл