УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Одоогийн Засгийн газар ерөнхий чиг үүргийн буюу Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэсэн зургаан яамтай. Харин Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн, Соёлын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн гэсэн чиглэлийн найман яамтай билээ. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг чиглэлийнх болгон шинээр байгуулахаар дээрх хуулийн төслийг боловсруулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, гишүүн Б.Баярсайхан “Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах талаар багтаах санал гаргасан. Хүн ам зүйн бодлого бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд хамаардаг. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харвал эдийн засгийн хөгжлийн талаар түлхүү ярьж, хүний хөгжлийг хоцрогдуулсан тал бий. Манай улсын Засгийн газарт хүний хөгжлийн бодлого хариуцсан цогц институт байхгүй” гэв. Үүнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулахдаа “Монгол Улсын Засгийн газрын бүх бодлого хүний хөгжлийг хангахад чиглэж байгаа. Харин хүний хөгжлийн нэгдсэн бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна” гэдгийг онцоллоо. Түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг хариуцуулж буйг гишүүд цохон тэмдэглэж байв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дараа нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, УИХ-ын төсөв батлахтай холбоотой зарим эрхийг хязгаарласан. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах чиг үүрэгтэй хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх шаардлага үүссэн тул уг төслийг боловсруулсан. Тодруулбал, хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хангуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг баталгаажуулах зорилгоор УИХ хянан шалгах бүрэн эрхээ асуулт, асуулга тавих, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах замаар хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
С.Бямбацогт: Төслийн 8.8-т “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой асуудлаар хяналт шалгалт хийж, шаардлагатай гэж үзвэл холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх санал, шийдвэрийн төслийг нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан. Энэ заалтыг яагаад хасах гэж байгаа юм бэ. УИХ хууль батлах замаар төрийн бодлогыг тодорхойлдог. Үүнийг нь гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал гардаг, ажилдаа хэнэггүй ханддаг тохиолдол бий. Ийм үед хариуцлага хүлээлгэх эрхгүй болох хэрэг үү?
Ж.Сүхбаатар: Энэ заалтыг хассанаар хариуцлага хүлээлгэх боломжгүй болохгүй.
Р.Болормаа (УИХ-ын Тамгын газрын зөвлөх): Өмнөх заалттай нь агуулгын хувьд давхцаж буй учир хассан.
Д.Тогтохсүрэн: Хянан шалгах түр хороог 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх, УИХ дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчим баримтална гэж заажээ. Цөөнхийн төлөөлөл дэндүү олон болох нь. Цөөнхийн бүлэг, мөн гишүүн гэж бий. Тэгэхээр бүлэг болон гишүүнийг нь нийлүүлж томьёолох хэрэгтэй. Тэгэхгүй бол цөөнхийн засаглал ч бий болохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн нэг гишүүн нэг л түр хороонд багтаж ажиллах ёстой. Төсөлд зааснаар нэг гишүүн хоёр ч түр хороонд орж ажиллах боломжтой юм байна. Ингэвэл нэг чуулганы хугацаанд 4-5 түр хороо ч байгуулагдахыг үгүйсгэхгүй.
Ж.Сүхбаатар: Түр хороог төлөвлөж байгуулна гэж байхгүй. Ямар ч асуудал хэзээ ч үүсэж болзошгүй. Ийм үед нэг гишүүн нэг түр хороонд л ажиллана гээд заачихсан бол яах вэ. Мөн төдөн түр хороог байгуулна ч гэж заах шаардлагагүй. Энэ бол УИХ-ын өөрөө шийдэх асуудал.
Н.Энхболд: Хянан шалгах түр хороо гэрчээр дуудах эрхтэй. Тэгвэл хэн нэгнийг зорилготойгоор гэрчээр дуудвал яах вэ. Гэрчийг дуудах эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй.
Ж.Сүхбаатар: Хянан шалгах түр хороо бол цөөнхийн “зэвсэг” мөн үү гэвэл мөн. Гэхдээ түр хороог байгуулсан цөөнх тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх л сонирхолтой байдаг. “Гудамжинд” биш, парламентад улс төр хийх боломжийг түр хороо олгож байгаа. Гэрчийг дуудаж, нотлох баримт гаргуулах нь цөөнх, олонхын алинд ч ашигтай. Хамгийн чухал нь аргумент гаргаж, мэтгэлцэж, үр дүнд хүрэх нь зөв гэв.
Сэтгүүлч : Бат.Уянга