“НДС-гийн хөрөнгийг банканд 2012-2021 онд хадгалуулсны хүүнд 607 тэрбум төгрөг олсон”
2022-05-13

              УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сан (НДС)-гийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

Т.Аубакир: Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгө, орон сууцуудыг ЭМДЕГ-ын ажилтнууд зээлээр авсан гэх мэдээлэл сүүлийн үед цахим сүлжээнд тархаж байна. Капитал банк нь НДЕГ, ЭМДЕГ-т өртэй. Тус банкнаас авсан орон сууцыг НДЕГ бас ажилтнууддаа зээлээр худалдан борлуулж байгаа юу. Яг ямар ажилтан, албан хаагч зээлийн хүсэлт гаргаад, орон сууц авсан бэ. Дарга нар нь зөвхөн авсан гэх юм.

Д.Зоригт (НДЕГ-ын дарга): Капитал банкны эрх хүлээн авагчаас НДЕГ 20 орон сууц авсан. Өнгөрсөн онд тус орон сууцуудад хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Эдгээр орон сууцад одоогоор улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаагүй. Тиймээс худалдан борлуулаагүй байгаа. Цаашид хэн нэгэн хүнд давуу байдал олгож, орон сууц өгөхгүй. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.  

Н.Учрал: НДС-г ард түмний хөдөлмөрлөсөн дусал бүрээс бүрдүүлдэг. Түүнээс биш энэ нь төрийн мөнгө биш. 1995 оноос одоогийн системд шилжээд, иргэд өөрсдөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон. Иргэдийн төлсөн шимтгэлийг тодорхой хэдэн хариуцлагагүй албан тушаалтан хэдэн хувийн хүү амласнаас нь болж хувийн банканд хадгалуулснаас үүдэн Капитал банкны асуудал үүссэн. Капитал банканд хадгалуулсан НДС-гийн 104 тэрбум төгрөг алга болсон. Үүний 30.3 тэрбум төгрөгийг нь барагдуулсан гэж асуулгын хариуд дурдсан байна лээ. Үлдсэнийг нь хэзээ барагдуулах вэ. ЭМДС-гийн 136 тэрбум төгрөгийг Капитал банканд хадгалуулж байхад дампуурсан. Уг хөрөнгийг барагдуулах ажил ямар шатанд явж байна вэ. 2015 онд НДС-гийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг зөвхөн Капитал банканд хадгалуулж байсан байна. Үүнд ашиг сонирхлын зөрчил байгаа биз, нэг л банканд. Нөгөө талаас Мөнгөн хадгаламж хадгалуулах банканд тавигдах шаардлагад хадгалуулах мөнгөний хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй байна гэсэн журамтай. Гэтэл Капитал банкны активын 25.5 хувийг эзлэх хэмжээний  буюу 209 тэрбум төгрөгийг 2014 онд тус банканд байршуулсан. Дараа нь 2015 онд уг журмаа бүр зөрчөөд 238 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэн хадгалуулсан нь тус банкны активын 32 хувийг эзэлж байсан. Тухайн үед НДЕГ-т ажиллаж байсан албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор уг мөнгийг байршуулсан байна. Тэр үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, НДЕГ-ыг ямар хүмүүс удирдаж байсан бэ. Буруутай этгээдүүдийг төрийн албанд томилох эрхийг нь хоёр жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгоод, иргэдийг хохироох хэрэг үү.

Д.Зоригт: Капитал банкнаас 70 орчим тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үүнийг барагдуулах чиглэлээр АТГ, Эрүүгийн цагдаагийн газар болон Капитал банкны эрх хүлээн авагчидтай хамтран ажиллаж байгаа. Шүүхийн маргаангүй, эргээд худалдах боломжтой хөрөнгүүдээс нь авсан. Мөн найман тэрбум орчим төгрөгийг бэлэн мөнгөөр барагдуулсан. Үлдсэнийг нь барагдуулахад хаширлаж ажиллахгүй бол болохгүй. Тухайлбал, бидэнд санал болгосон зарим хөрөнгө нь шүүхийн маргаантай байгаа. Мөн хууль, хяналтын байгууллагууд тус банкны хөрөнгөөр барьсан байж болзошгүй объектуудыг шалгаж байгаа. Тэгэхээр уг хөрөнгөөс авах, эсвэл түүнийг худалдаж, бэлэн мөнгийг нь олгож НДС-г хохиролгүй болгох санал тавьсан. Таны хэлсэнчлэн Капитал банкны нийт активын 32 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулж байсан гэдэг нь үнэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2013 онд баталсан журмаар бол банкны нийт активын 20 хувь хүртэлх төгрөгийн хадгаламж байршуулна гэж заасан. 2015 онд үүнийг 25 хувь болгож, журамдаа өөрчлөлт оруулсан. Ингээд нэг банканд хэтэрхий давуу эрх олгож, мөнгө байршуулсан. Банкны нийт активын 15 хувиас ихгүй хадгаламж байршуулна гэдэг заалтыг 2018 онд тусгасан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс тодорхой эрүүгийн хариуцлага хүлээсэн. Өмнө нь банкуудын хадгаламжийн хүүгээс доогуур хэмжээний хүүтэйгээр НДС-гийн хөрөнгийг байршуулж ирсэн. Тухайлбал, 2016 оны хаврын байдлаар бодлогын хүү 11 хувьтай байхад сангийн хөрөнгийг есөн хувьтай байршуулж байсан. Харин 2017 оноос хадгаламжийг 15 хувийн хүүтэйгээр байршуулсан. НДС-гийн хөрөнгийг 2011-2021 онд арилжааны банканд хадгалуулсны, мөн харилцах дансны болон бондын хүүгээс нийт 607 тэрбум төгрөгийн орлого олсон.

Б.Бат-Эрдэнэ:

Сэтгэгдэл