У.Хүрэлсүх: Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлье
2022-05-13

               Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн барьж буйгаа онцлов.

           Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд “100 жил 10 зорилго” санаачилгыг Төрийн тэргүүн миний бие дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-п тусгалаа олсон нь сайшаалтай. Дээрх 10 зорилтын нэг болох хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд та бүхний анхаарлыг хандуулахаар Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд биечлэн оролцож байна. Төрийн бодлогын цөм нь Монгол хүн, монгол өрх байж ирсэн. Цаашид ч ийм байх ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, органик, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг нь нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байдал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол хүн хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал нь онцгой чухал асуудал. Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бусаар оршин тогтнож ирсэн олон жилийн түүхтэй. Социализмын он жилүүдэд ч Монгол Улсад аж үйлдвэрийн хөгжил эрчимчиж, мах, гурил, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилт дэвшүүлж байсныг та, бид мэднэ. Өвөг дээдсийн сургууль, түүхэн туршлагаас харахад монголчууд бид хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэж байна. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан явдал юм. Үүнд анхаарлаа хандуулж, засаж залруулах шаардлагатай байна. Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдал нь улс бүрийн өмнө нэн тулгамдсан асуудал боллоо. Энэ нь цаашид дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод ихээхэн өөрчлөлт орох хандлагатай байна. Дэлхийн зах зээлд хүнс болон бордооны үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн өндөр хувиар өслөө. Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 20 хуиар өссөн байна. НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 190 сай гаруй хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. Дэлхийн бусад улс, ялангуяа манай хоёр хөрш улс хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. Манай улс өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон. Аль юм болгон давсаа хүртэл “айл”-аас ууж амьдрах юм бэ. Нялх, нярай хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн сүүн сүүн бүтээгдэхүүнээр хангагдаж чадахгүй байна. Үйлдвэрлэж, импортолж, экспортолж буй бүх бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Лабораториудын хүчин чадал хангалтгүйгээс хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байна. Энэ нв Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг давхар харуулж байна. Хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамждаг өвчний дэгдэлт их байгаа нь манай улсын хүнсний чанар, хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдсэнийг давхар харуулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалангийн үндэсний чуулганы өнгөрсөн сард зохион байгуулж, гаргасан зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Цаашид ҮАБЗ-өөс УИХ-ын гишүүд, сайд нарыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана. Үндэсний аюулгүй байдлын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээгээр хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтуудыг хангалттай хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилгаа хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна. УИХ, Засгийн газар хүнсний аюулгүй байдлын асуудлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй. 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр ирэх таван жилд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилгыг дэвшүүлж байна” гэв.          

Сэтгэгдэл